Судалгаагаар рм 2,5 нарийн ширхэгт тоосонцор хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэй нотлогдсон
Агаарын бохирдлоос үүдсэн жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал нь зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Бага дунд орлоготой Азийн орнуудад 5 хүртэлх насны хүүхдэд стандарт хэмжээнээс их бохирдолтой нарийн ширхэгт тоосонцроор амьсгалж байна.
Агаарын бохирдлоос үүдэн эмэгтэйчүүд жирэмслэхгүй байх, үр зулбах эрсдэлтэйг хэлж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй өвлийн улиралд амьгүй төрөлтийн тоо ид утааны үеэр 3.5 дахин их байдаг.
Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Дэвид Варбуртон “Агаарын бохирдлын эрүүл мэндийн сөрөг нөлөө маш их. Нийгмийн эрүүл мэндийн маш тулгамдсан асуудал болоод байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Эмэгтэй хүн жирэмсэн болох, ургаа тээх хэцүү. Нэг бол хүүхэд жин багатай, ураг дотроо толгой нь том болсон байдаг. Ингээд төрснийхөө дараа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ерөөсөө л нүүрс түлэхгүй байх ёстой. Би өрөө Англи хүн. 1950-аад онд Англи улс агаарын бохирдолтой тэмцэж байсан. Тухайн үед цэвэр түлш түлж байсан ч тус болоогүй гэдгийг өөрсдийн туршлагаас харсан.
Бага насны хүүхдийн хувьд амьсгалын замын халдвар, хатгалгаа хамгийн том эрсдэл. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гадаа маск зүүх, дотор орчинд цонхоо хаан агаар цэвэршүүлэгч хэрэглэвэл, агаарын бохирдолд өртөхөөс аль болох урьдчилан сэргийлж чадна” гэв.
Хэдий чинээ бага наснаасаа агаарын бохирдолд өртөнө тэр чинээгээр хүүхдийн тархины үйл ажиллагаа саатаж, анхаарал төвлөрөх чадвар сулрах, зан төлөв өөрчлөгдөх, улмаар оюуны хөгжил боловсрол эзэмших чадвар буурах магадлал өндөр байна. Судалгаанаас харахад Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж, орон нутагт амьдарч байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Агаарын бохирдол бол зөвхөн Монголын асуудал биш. Бүс нутгийн хэмжээний асуудал болоод байгаа. Тиймээс хамгийн сүүлийн үеийн ОУ-н болон Монголын судалгааг хэлэлцэж байна. Бусад Азийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын эрүүл мэндийн салбар идэвхтэй ажиллаж байгаа гэж харж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Тийм учраас агаарын бохирдлын эсрэг эрүүл мэндийн салбарын оролцоо чухал гэдгийг онцолмоор байна”.
НЭМҮТ-өөс агаарын бохирдолтой холбоотой 40 гаруй судалгаа хийсэн байдаг. 0-4 насны хүүхдийн 41 хувь нь амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хандаж байгаа нь агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нотолж байна гэжээ. Түүнчлэн PM2,5 нарийн ширхэгт тоосонцор нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг олон улс оронд хийсэн судалгаагаар нотолсон байдаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад үр дүн гартал цуцалтгүй ажиллахгүй улс улсын ирээдүй бүрхэг байна. Тиймээс өнөөдөр Азийн 150 гаруй тэргүүлэх эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, бодлого тодорхойлогч цуглан Агаарын бохирдлын асуудлаар хэлэлцлээ.