Нийслэл Улаанбаатар хотын сүлд хангарди шувуу гэдгийг бүгд мэднэ. Хагас зуун жилийн настай энэхүү сүлд хэрхэн бүтээгдсэн түүхийг өгүүлэхийн тулд бүтээгчийг нь дурсах учиртай. Хангарди сүлдийг зохиогч нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Р.Лхамсүрэн агсан юм. Тэрээр Монголын дүрслэх урлаг дахь сюрреалист урсгалын тод томруун төлөөлөгч байв. Төрийн ордонд залагдан буй Төрийн есөн хөлт цагаан сүлд, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойгоор сүндэрлэн боссон эзэн Чингис хааны гэрэлт хөшөө тэргүүтэн Р.Лхамсүрэн зураачийн бүтээлүүд юм. Тэрээр 1970 онд Улаанбаатар хотын хангарди сүлдийг зохион бүтээсэн ажээ. Энэ тухайгаа уран бүтээлч сэрүүн тунгалагтаа "Ардын эрх" сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Уг ярилцлагын хэсгээс сийрүүлбэл,
-1970 онд Улаанбаатар хотыг туг, сүлдтэй байх ёстой, хот биеэ даасан байх ёстой гэсэн үзэл санаагаар анх хотын сүлдийг хийсэн. Бас л зэмлүүлсэн. 1970 оны намрын үзэсгэлэнд анх үзүүлсэн юм. Бүх үзэсгэлэнг Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэр эхэлж үзэж, ямар зургийг оруулах эсэхээ шийддэг байсан. Нээлт дээр нь Төв хорооны гишүүд ирж үздэг. Тэгсэн Төв хорооныхон миний хангардитай бүтээлийг үзээд, нэлээд удаан зогсоод байв. Барилга, архитектур хариуцсан төв хорооны даргаар Майдар гуай байсан. Майдар гуай, Чүлтэм дарга хоёр үлдчихээд нэлээд ярьж байснаа намайг дуудсан. Очоод танилцууллаа. Ямар сургууль төгссөн юм гэхээр нь сургууль төгсөөгүй, арван жилээ төгсөөд ажиллаж байгаа гэсэн чинь бүтээлийн маань учир утгыг тайлбарлуулж байна. Би ч “Хот биеэ даасан байх ёстой. Бусад улсын хотууд биеэ даасан статустай байдаг. Тэгж байж хөгжинө” гэсэн чинь Майдар дарга их зөв санаа байна. Бид ч гэсэн хотыг туг, сүлдтэй болгоё гэж ярилцаж байгаа гэсэн. Гэхдээ биеэ даасан статус гэж яриагүй. Тэр үед хотын дарга Лувсангомбо гуай байлаа. Майдар дарга, “Лувсангомбо даргатай уулз. Би хэлчихнэ. Энэ бол тун зүйтэй санал байна” гэсэн. Хэд хоногийн дараа хотын захиргаан дээр очтол Лувсангомбо гуай дэмжинэ гэсэн боловч тухайн үедээ болоогүй юм. Лувсангомбо гуайн гэр 50 дугаар дэлгүүрийн ойролцоо байдаг байсан. Оройдоо эхнэртэйгээ салхилж явахад нь би их таарна. Тэгэхэд “Бидний хотын сүлд хэзээ нэгэн цагт бүтнэ ээ” гэдэг байсан. Одоо Москвад байгаа сурагтай байна лээ. Их ухаалаг, сайхан хүн дээ.
-Яагаад хотын сүлдэд хангардийг дүрсэлсэн юм бэ? -Монголын нийслэл түүхэндээ хэд хэдэн газар нүүж, сүүлд одоогийн буурин дээрээ ирсэн шүү дээ. Улаанбаатар гэдэг чинь Орос зөвлөхийн өгсөн нэр. Их хүрээ гэдгийг өөрчилж, хувьсгалын баатар гэсэн утгаар өгсөн. Хотыг хүрээлж буй дөрвөн уул бүгд онго сүнс, савдагтай. Богд уулынх бол хангарди. Ширээт бол хангардийн суудал гэдэг домогтой. Сонгинохайрханых хөх өвгөн, Баянзүрхийнх нохой. Хангарди бол Богд уулын онго сахиус учраас бэлгэдлээ болгох нь зөв гэж бодсон. Тэр үеийн урлаг бол шашных байлаа. Уран барималчид, дархчууд өөрсдийнхөөрөө л хийдэг байсан. Хангарди бол амьдрал дээр байхгүй, зохиомол амьтан шүү дээ. Түүнийг би тигэнд оруулаад нэг төрх бий болгосон юм. Баруун гарт нь түлхүүр. Түлхүүрийн шүд нь эвхмэлээр УБ гэсэн үсэг. Зүүн гарт нь ариун нандин байлгана, хамгаална гэсэн утгаар бадамлянхуа цэцэг бариулсан. Могой бол хортон дайсан гэсэн утгатай. Энэ асуудал Төв хороонд очиход хоёр хэсэг болж маргалдаад, энэ бол шашны үзэл суртал дэлгэрүүлж байна, арга хэмжээ ав гэсэн. Цаанаа бол хотыг бие даасан байлгаж болохгүй гэж байгаа юм. Ингээд хотын намын хорооны даргын илтгэл дээр миний нэр орж, донгодуулсан. Мөн эвлэлийн гишүүн байсан учир Эвлэлийн төв хорооны Пүрэвжав даргад шилжүүл, хүмүүжүүл гэж байлаа. Ингээд асуудал шийдэгдсэн. Түүнээс хойш олон жилийн дараа 1990 он гарч, олон ургальч үзэл бий болсны дараа манай хотын сүлд хангарди байх ёстой гэсэн утгатай зүйл бичээд сонинд нийтлүүлсэн. Дараа нь хотын туг сүлдийг бүтээх шалгаруулалт хийхэд миний бүтээл шалгарсан.
1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл хот сүлд, туг, тэмдэгтэй байх бөгөөд загварыг нь НИТХ-аас тогтооно гэсний дагуу уралдаанд шалгарсан Р.Лхамсүрэн зураачийн эх загвар хангарди сүлд албан ёсоор нийслэл Улаанбаатар хотын сүлд болж батлагджээ. Хангарди сүлдний бэлгэдлийг дараахь байдлаар тайлбарласан байдаг. 1995 онд НИТХ-аас баталсан Нийслэлийн сүлд, далбааны загвар, хэрэглэх журамд,
"Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсны төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарди байна. Хангарди нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарди нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн" хэмээн тодорхойлсон байдаг.


Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Р.Лхамсүрэн /1948-2017/

УГЗ Р.Лхамсүрэнгийн эх загвараар бүтээсэн Төрийн есөн хөлт их цагаан туг

УГЗ Р.Лхамсүрэнгийн бүтээл. Хэрлэнгийн Хөдөө арал дахь "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө.