Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Улсын Их Хурал төслийг ард нийтийн санал асуулгад оруулж, батлуулах нь зүйтэй хэмээн тогтож, “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан тул Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоосон байна.

Ингэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарт Ард нийтийн санал асуулгад оруулахаар бэлтгэхдээ санал хураан шийдвэрлсэн хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг дахин санал хураан шийдвэрлэх болж байгаа аж. Гуравдугаар хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулах бөгөөд эцэст нь хуулийг бүхэлд нь батлах санал хураах хуулийн зохицуулалттай юм.