"Хүний дор орохгүй"

Хослон жаргахад хос “Алтангадас” л дутаж гэнэ?

Moнгoлчyyд бол зарчимлаг залхуу ард түмэн мөн гээд Орос-Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, дипломатч Майский тодорхойлчихсон байдаг. Тэр нь заяанаасаа залхуу, засрашгүй залхуу гэсэн санаа юм. Үүн дээр гарчигт өгүүлсэн бас нэг зарчимлаг чанарыг нь өгүүлэх гэж байна.

Энэ бол монголчуудын хамгийн зарчимлаг зарчим нь. Төрийн хууль цаазнаас ч дээгүүр. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх хүүдээ эх нь захидаг ганц захиас. Бараг гэрээслэл ч болдог байх. “Хүний дор битгий ороорой!”, “Муугаа бүү үзүүлээрэй!”

Эрдэм ном, ажил төрөл, ахуй амьдрал, мөнгө цаасан дээр хүний дор орохгүй гэж яваа түг түмэн монголчуудаа баалах гэж байгаа юм биш. Арай өөр өнцгөөс хөгийн тэнэг араншинг нь илчлэн бичих гэж байна. Буруушаах гэж байна. Санаа сэдэл авах тэнхээ байна уу, монголчууд минь? 

Гашуун ба хөгийн жишээ хөвөрч өгнө. Хүмүүс ам мэдэн ярина. Ярьсаар байгаад улиг болгочихсон. Засарна гэж гонж. Бүгд болсон явдал, бүгд баримттай. Тэгэхдээ нуль гарлага, өр, зээл, улсад ганц ч төгрөгийн ашиггүй үйлсийн тухай өгүүлэх гэж байна. Хүлцэн уншаарай!

Эрх бүхий дүүргүүдийн намын байгууллагуудад “Алтангадас” одон оптоороо дарагдаастай, сонгууль болохоор гаргаж ашигладаг юм уу даа?Дүүргийн намын даргад хэд гурван цаас өгөөд урьдчилаад аваад зүүчихдэг, үнэмлэх дээр нь Ерөнхийлөгчийн гарын үсэг зураатай, дүүргийн намын дарга нэрийг нь бичээд л боллоо. Төрөлх сумынхаа төдөн жилийн ойн баяр наадамд уригдсан эр эм хоёр хос намын даргатайгаа ярьж байгаад хос “Алтангадас” хоёр сая төгрөгөөр худалдаж аваад энгэртээ зүүчихэв ээ. Нэгийг нь нэг саяар, хоёрыг хоёр саяар. Нууц ханш нь.

 

Яах гэж байгаа юм гэсэн чинь сумынхаа ойн баяр наадам дээр хос “Алтангадас”-аар гоёсон хоёр хос очиж амьтны нүд хужирлах, улс төрд зүтгэсний хэрэг юу билээ, төрөөрөө үнэлүүлчихлээ гэж нутгийнхандаа гайхуулах, бүр арга барагдахад нийслэлд өчнөөн жил ирж суучихаад “Хүний дор ороогүй явна шүү” гэдгээ нутагтаа нэг очихдоо мэдрүлэх,хүчтэйхэн эргэн очиж байгаагаа илтгэх санаа төрж гэнээ. Хоёр хос маань зах дээрээс торго дурдан, хоргой аваад яг ижил дээл, хантааз хийлгээд, нэг загварын ижил өнгөтэй шляпан малгай том жижгийг худалдан аваад хосолж өмсөөд жиипэндээ сэгсчүүлсээр төрсөн нутгийнхаа барааг харж наадамлаж, найрлаж, хүндлүүлж гэнээ. Нутаг усныхаа нэрийг нийслэлд мандуулж яваа хоёр хосод хүндлэл үзүүлж, айраг цагаа, хорхого, мах буузаар бялууртлаа шахуулж яваад буцжээ.

Xос “Алтангадас” гэснээс Төрийн одон ингэтлээ доош орж үнэгүйтсэн юм бол Төрийн одонгийн жагсаалтаас хасаад намуудын “Сонгуулийн одон” гээд зарлачихмаар юмсанж.

Бас нэг парадокс. Ярьж байна лээ, тэр борлуулдаг зардаг нөхөд нь. Том бүдүүн хар машин унахгүй бол нойр нь хүрэхээ больчихсон нөхдийн тухай болсон явдал. Аль аймгийн гэнэв хөдөөгийн нэг сумын дунд сургууль төгсөгчдийн төгсөлтийн гуч гэнэ үү, гучин тав гэнэ үү, тэмдэглэлт баярт төрсөн сумандаа очих гэсэн нэг нөхрийн тархинд “Ланд” жиип шүглэчихэж. Түүнгүйгээр очихгүй бол ёстой болдоггүй юм гэнээ. Амьтан хүний нүүр яаж харах юм, нэр төрөнд цөвтэй, үр хүүхдийн нэрэнд хүртэл сэвтэй, ерөөсөө л “Ланд” шинээр нь авч барьж очих минь гээд мань хүн хэдэн сар цамначихна тэр. Нөгөө “Ланд” нь 245 сая төгрөг, мань хүн тэр мөнгийг олох гэж байдгаа шавхаж, золтой л амиа өргөчихсөнгүй. Бөөн хэрүүл урвул дунд хотын төвийн хоёр өрөө байшингаа 120 саяар дөнгөн данган зарав. Ахан дүүс амраг садангуудынхаа байр сав, зуслан, хашаа байшинг ломбардад тавиад тавиад 245 саяд нь хүргэж чадсангүй. Улаанхуаранд хоёр өрөө байрыг нь 80 саяар заруулах гэтэл хүн авсангүй ч гэх шиг. Дутуу мөнгөө өр болгон лизинг бололтой барьцааны нэг юманд хамруулж хүсэн хүлээсэн жиипнийхээ түлхүүрийг авах нь авчээ. Буланг нь халцлах төдий л эргэж үнээ барихгүй шүү гэсэн хатуу болзолтойгоор төрөлх сум руугаа зорих гэж байгаа нөхөр гэр бүл үр хүүхдээ түрээсийн байранд оруулж орхиод арав төгсөгчдийнхөө баярт явав аа. Ердөө гуравхан хоногийн найр наадам, уулзалт, шарталт. Сумын төвийн балгас болох шахсан хэдэн халтар байшин, нурж унах шахсан хашаа хороо, дов сондуул, шавар шалбааган дундуур зуун метр хүрэхгүй замаар нэг ганган жииптэй нөхөр л салхи татуулан давхиж, Улаанбаатарт олон жил сууж бизнес хийснээ гайхуулж яваа юм биз дээ? Жииптэй очсонд нь сумын дарга нар налж унаад л, сумын миссүүд хуйлраад л, найран дээр илүү их архи мах оногддог, сархадын дээжээр мань хүн эхлэн сэржим өргөөд л, өөр яадаг ч юм, бүү мэд? Амь амьдралаа золиослох шахан байж жиип авсны гавьяа гэж байж л таарна даа. 

Үүнийг ямар ухаан гэх вэ? Нэг бол мань мэт нь ойлгож ухаарах аргагүй төгс гоц ухаан, нэг бол усан тэнэг явдал, өөрөөр нэрлэ дээ, уншигчид минь. 

Нарантуул захын төвийн нэг жигүүр нуль торго дурдан даавууны лангуу мухлаг дэлгүүрээр дүүрчихжээ. Очоод үзээрэй. Бүгд ижил бараатай. Тэр хавиар яваа мань мэтийн танихгүй хүнийг тал талаас даллан дуудаад л. Арай чирч оруулах нь холгүй. Миний ойлгосноор дэлгүүр, зах гэхээсээ даавуу торгоны маш олон агуулах склад л байна. Хотын төвөөр ч ялаагүй бөс бараа гэсэн хаягтай дэлгүүр ярайна. Дэлгүүр гэхээсээ мөн л склад, арай соёлтой. Тэрийгээ манаж байгаа олон арван (хэдэн мянга ч юм?) худалдагчтай. Тэндээс торго дурдангийн хэрэгцээ хэрэглээ, арилжаа жилдээ хоёр удаа оволздог гэж байна. Цагаан сарын босгон дээр маш их орлого ба хөл хөдөлгөөнтэй. Цамаан зантай, бас сагсуу (сагсуугаа мэддэгүй нь бүр сайхан), хүний дор орохгүй гэсэн үзэлдээ үхэн хатан үнэнч монголчууд өмнөх Цагаан сараар өмссөнөө энэ жилийн Цагаан сараар дахин өмсөх нь хийморь лүндаанд муухай гээд Цагаан сар болгоноор цоо шинэ торгон дээл хийлгэж өмсдөг жам хуультай болсон юм гэнээ. Би мэдсэнгүй. 

Мөчөөрхлийн дээд хэлбэр нь юм уу даа? Ганц дээл биш шүү. Гэр бүлийн хоёр хослон жаргах тавиландаа хөтлөгдөөд хос дээл, хос хантааз, хос бүс, хос бүрх малгай, том жижиг хос хөөрөг, хөөрөгний хос даалин,өөр юу юу ч байдаг юм, аа тийм нөгөө хос “Алтангадас”, бүгдийг нь гүйцэлдүүлэх ёстой юм гэнэ. Хүний дор орохгүй гэсэн нөгөө мөчөөрхлийн зарчим нь цаашаа хөгжөөд хүний дор орохгүй шинэлэхийн тулд ууц, мах шүүс, айраг цагаа, олон төрлийн сархад, хүн цаанаас нь цухуйхгүй болтол нь өрсөн ул боов, гаднаа жиип сойчихвол бүр ч ланжгар, энэ бүхнийг хотын монголчууд мэднэ дээ. 

Энэ бүхэн зун улсын наадмаар бас нэг давтагдана. Хүй долоон худаг гэдэг газар хэдэн өдөр хүн мал, машин, тоос шороо, олон төрлийн торгон хувцасны үзмэрийн шоуны өрсөлдөөн, хуушуур, айраг цагаа аль алин нь доозоо хэтрүүлтэл бялхана. Хүний дор орохгүй гэсэн үзэлдээ үхэн хатан үнэнч монголчууд өмнөх наадмаар өмссөнөө энэ жилийн наадмаар дахин өмсөх нь хийморь лүндаанд муухай гээд зун улсын наадам болгоноор цоо шинэ торгон дээл хийлгэж өмсдөг жам хуультай болчихжээ. Одоо яалтай билээ. Дурлаад байвал тэгж л байхаас. Хэн хорих билээ.

Би бага сага хэтрүүлсэн байж магад. Гэхдээ үнэний ортой. Үнэний ортой бас нэг баримт. Хятад хэмээх өмнөх хөршийнхөө торгоны үйлдвэрлэлийг монголчууд бид хөгжүүлж, хөлжүүлж өгсөнийгманайхан тэр бүр мэддэггүй бол мэдүүлчихье. Уг нь олон зуун жил нэг загвараар хөгжөөд болоод ирсэн нэхмэлийн жирийн нэг салбар шүү дээ. 1990-ээд онд урагшаа анхлан ганзаганд гарцгаасан монголчууд мэднэ дээ. Нэг их олон төрлийн торго дурдан зөөгөөд байл уу даа? Гэтэл гоёхын донтой, шуналын дэвтэй монголчууд бид Эрээн орж торго захидаг, зөөдөг байснаа худалдан авалтаа өргөжүүлээд, нэмээд, хугацааг нь ойртуулаад өгчихтэй зэрэг гоёх донг нь мэдээд авсан хятад худалдаачид цаад торгоны үйлдвэрүүдтэй нь ярьж тохироод хээ хуар, зураг хөрөг, өнгө хослол, донжийг нь ёстой хүн бүрийн хүссэн хэмжээгээр нь хөгжүүлээд өгчээ. Машины үйлдвэрлэл байна, шинэ технологи нэвтэрч байна, ямар л бол ямар зураг хээ хуарыг шаглаад гаргаад өгөх чадалтай болсон цаг. Дээлийг хэт моодлуулж өмсдөг зан нь өвөрмонголчуудад очоод наалдчихсан, зурагтын сувгаар нь эрээн мяраан, улаан цэнхэр, шар алаг, ягаан дээлнүүд нүд гялбуулна.

Манайхны ямар л зураг, хээ, угалзтай торго авъя гэнэ, хятадын наймаачид гаргаад ирдэг болсон цаг. Барагдахгүйгээр урлана, үйлдвэрлэнэ. Манайхан зөөж барагдах биш. Нийслэлийнхээ төв зах, томхон дэлгүүрүүдийг склад болтол нь дүүргээд өгнө. Цагаан сарын өмнө тэр аяндаа гарч бараагаа сэлбэнэ, шинэ шинэ өнгө үзэмж, дизайнтай торго орж ирж монголчуудын нүдийг хужирлана. Оёдлын жижиг үйлдвэрүүд язганаталаа ажиллаж өгнө. Дээлний оёдолчин гэж нэр хүндтэй мэргэжил Монголд бий болоод багагүй хугацаа элээв. Наадмын өмнө оёдолчид үнэд орно. Торгоны наймаачдын магнай тэнийнэ. 

Монгол Улсад маань ямар ч ашиггүй, гарлага, сүйтгэл, гарзын тухай л би өгүүлээд байх шиг. Улсын ба байгууллагын, ядаж иргэдийнх нь сан хөмрөг нэмэгдсэнгүй. Мөнгөн хуримтлал ч бүр лөөлөө боллоо. Энэ улсын хүч тэнхээтэй, нэр хүндтэй, дэлхийд хүндлүүлэх хэлбэр нь гоёл, энэ олон машин (тэг зогсолт хийж буй) гээд ойлгочихсон яваа монголчуудад би шууд бурууг нь өгмөөргүй байна. Машиныг нь орхиё. Заяа төөргөөрөө, монгол хүн морьтойгоо гэдгийн тусгал нь байх. 

Харин тэр торго бол өмнөх дөрвийн дөрвөн Ерөнхийлөгчийн дээлний гоёлын шууд хуулбар тусгал, шууд хэлбэл мөчөөрхөл байлаа. Өмнөх нийгэмд Цэдэнбал, Батмөнх нар торгон дээлээр гоёж гоодож байсныг бид мэдэхгүй. Харaагүй. Гэртээ тэрлэг өмсдөг байсныг үгүйсгэхгүй. Ардчилал ялаад анхны Ерөнхийлөгч маань анхлан даавуун дээлтэй байснаа яваандаа торго дурдан хоргой жанжин малгай руу орж явчихсан. Хоёр дахь Ерөнхийлөгчийн үед ёстой алж тавьсан. Мань хүн 8 жил Төрийн ордонд залрахдаа лав хорь гучин дээл хийлгэсэн байх. Эр хүний биш өнгөнүүдээр гангардаг болсон. Ганц xятад гэлтгүй энэтхэгээс автобус дүүрэн торго эхнэрийнх нь толгойлдог Хүний төлөө сангийн мэдлийнх гэсээр бид Нью Делигээс ачуулж байлаа. Би тэгэхэд ЭСЯ-нд зөвлөх хийж байсан ба тэр бол 1999 оны нэгдүгээр сард болсон үйл явдал. 

Анхандаа Цагаан сар, наадмаар гоёж гооддог байсан чинь аймаг сумдын, овоо тахилгын гээд олон наадмуудад олон төрлийн дээл сэлгэж өмсдөг жишиг тогтоожээ. Ерөнхийлөгч нь тэгж байгаа юм бол гэсээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, яамдын сайд нар дээлний гоёлын уралдаанд гарцгаав аа. Тэднийг харахад заримдаа өвлийн өвгөн ч юм шиг, эсвэл үндэсний дуурийн дуучин ч юм шиг. Цогт тайж киноны баатрууд, хятадын түүхэн киноны гол дүр, Манжийн хаад л тийм байсан байх гэмээр. Үндэснийхээ дээл хувцсаар гангарч гоёх уралдаан нь торгон дээлний маш нарийн хийц бүхий дизайны уралдаан болж шат ахилаа. Гурав дахь Ерөнхийлөгч маань Ерөнхий сайд байхдаа “урт шар дээлт” хэмээн хочлуулж явсных бүр ганган донжтой хувцаслаж, араас нь төрийн бүх өндөрлөгүүд дээлний уралдаанд ханцуй шамлан орж явчихав. Аймаг сумдыг бол ярих ч юм биш, дээл урлалын уралдаан улс даяараа явагдлаа. Дөрөв дэх буюу яг өмнөх Ерөнхийлөгч маань дээл хийлгэж өмсдөг арга хэлбэр, донж маягийг бүр ч төгөлдөржүүллээ. Манжийн амбаны малгайтай байснаа Чингисийн малгай зохиомжлон, төв цэнгэлдэхэд дэвж үзүүлснийг хошин урлагийнхан ёстой нэг егөөдөж, нэг үгээр доромжилж өгөв өө. Төрийн тэргүүнээ алж тавьсан л даа. 

Ийм дээрээ тултал монгол дээл доозоо хэтрүүлж байтал 2017 оны сонгуулийн дараа өнөөгийн Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолыг хүлээгсэд, зурагт ширтэгсэд одоо яадаг бол, би хувьдаа ямар дээл өмсөж нүд орой дээр гаргах бол гээд хүлээж байтал өмнөх дөрвөн нөхрийн хийсэн бүтээсэн “гял цал”-ыг ганцхан хоромын дотор навс унагах нь тэр ээ. Уг нь зураач хүн, өөртөө гоё дээл хийлгэе гэсэнсэн бол ямраар л бол ямраар гаргаад ирэх байсан байх. Ядуу жижиг орны удирдагч даруухан байя гэснийг нь олзуурхаад баршгүй. 

Юун торго дурдан, хоргой, жанжин малгай вэ? Байдаггүй шүү. Нэгэнтээ өмнөхүүдийн үеэс торгонд адилхан холбирч явсан спикер маань торго дурдан, хоргойгоо хойш тавихаас яах билээ? Төрийн гурван өндөрлөгүүд торго хоргойноосоо арга буюу татгалзлаа. 

Төрийн тэргүүн өөрөө үлгэрлэн торго дурдангийн аяныг түр зогсоочихлоо. Одоо бүр зогсоох хэрэгтэй. Эсвэл зөвхөн монгол дээлээ өмсдөг, европ хувцас өмсдөггүй өдөр судартай болцгооё. Өр тавьж хийлгэсэн асар их дээлээ (хэдэн сая ч юм?) болж өгдөгсөн бол бүгдийг нь экспортод гаргавал мөн ч их мөнгө урсан орж ирнэ дээ? 

Одоо тэр их торго хоргой болсон асар их дээлнүүдийг дөрвийн дөрвөн Ерөнхийлөгч минь яана даа? Та нарын тэр дээлүүд Үндэсний түүхийн музейн нэг давхрыг лав дарчихна. Зай ч олдохгүй. Тэргүүн хатагтай аснуудын дээлүүдийг дагалдуулж өлгөөд, мөн УИХ-ын дарга, гишүүд асан, одоо байгаанууд чамин дээлнүүдээ хандивлаад “Монгол дээлийн түүхэн музей” тусдаа байгуулахыг уриалан дуудаж байна. Өөр яах билээ? Нөгөө жиип өрөндөө тавиад бариад хөдөө явчихсан усан тэнэгийн араас нь төр засаг минь орчихгүй гэвэл тэгмээрсэн дээ.

Үндсэн сэдэвтээ эргэж орж шүүмжлэе.Ерөнхийлөгч аснуудаасаа эхлэн бүх ард түмнийг ханаруулсан энэ их баярхал чамирхал, сагсуурлын цаана бөөн зээл үлдлээ шүү! Ард түмэн чинь нуль зээл! Цалингийн зээл, тэтгэвэрийн зээл, утасны зээл, байрны зээл, машины зээл, ломбардад тавьсан өр, банкны хүү гээд талийж өглөө. Нөгөө талд нь монголчууд үүнээсээ санаа сэдэл авна, ичнэ, эмээнэ гэж ёстой байхгүй. Хүний дор орохгүй л байвал бол оо. Зээл цаашаа үргэлжилнэ. Өрийг өрөөр дарна. Хүн амын гуравны нэг нь ядуурлын түвшинд албан ёсоор бүртгэгдээд дэлхийд зарлагдчихсан. Гэхдээ улс даяараа гоёл, чамирхал, авто машины донгоосоо салахгүй!

Авто машины донтонгуудыг энэ улс хэзээ нэг цэгцэлж, нийслэл хотыг минь чөлөөлж өгдөг бол хэмээн ард нийтээрээ бодож сэтгэж эхэлсэн байх аа? Тэгсэн л байх болтугай! 

Авто машины донг арилгахын тулд нэр хүндийг нь навс унагаад, авто машин унавал арай ялд унахгүй ч, гутартал нь, хоосортол нь дарамтлаад өгөх л үлдлээ. Өөр хувилбар байхгүй болсон. Хоногтоо 300 машин хилээр орж ирдэг юм бол хойтон өдийд хоногтоо 500 машин болчихсон байхыг би бүр ёрлож байна. 

Малын хөлийн татвар гэж байсан шиг машины хөлийн татвар зохиож төр суутгах хэрэгтэй. Гадаадаас машин оруулж ирвэл өндөр татвар, машины дугаар өгөхдөө өндөр татвар, хэрэв 7 хоногийн бүх өдөр машинтайгаа заларна гэвэл бүр ч өдөр татвар, Бямба-Ням гаригт машинаа унана гэвэл арай бага татвар байж болж байна. Сард нэг сая төгрөг Замын цагдаад төлөөд саржингаа машинаа унаг. Мөнгө хайран гэж байгаа бол ерөөсөө боль. Ингэж л шахахгүй бол болохгүй болчихлоо. Нийслэл маань ердөө 10 мянган машины замын ачаалал даах чадалтай, гэтэл өдөртөө 400 мянга буюу 40 дахин их төмөр хүлэг чихцэлдлээ. Улс эх орон маань авто машины түгжрэлийн өмнө гараа өргөлөө. Өөрөөр яах юм бэ? Машинаа ч мөн ялгаагүй (нөгөө дээлнүүд шиг) экспортод далдруулах нэг ухаалаг аргыг олж л таарна!

Монголын уран сайхны “Хүний мөр” кинонд гардаг даа. Хувьсгалч Магсар гуай шинэ баян Чимид багшид хэлж байдаг: Мөөн. Чинийхээр бол баяжчихаад найрлаж суух хэрэг үү? Чи улам баяж, бүр хагартлаа баяж! Тэгээд яахав, цаашаагаа чи яахав?

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та санаа зоволтгүй. Удахгүй аяндаа юм үзээд ирэхээр өөрсдөө больно. Залуучууд аль дээр больсон байна лээ.

    0 1 Хариу бичих