Эрх ашиг гэж юм явсаар эцэстээ жижигхэн зүйл дээр очдог гэдэг үнэн юм аа. Улс орны гэхээс улстөрчдийн, хувьсгалын гэхээс хувийн эрх ашиг давамгайлж байдаг нь жам ёсны зүйл бололтой аж. Эх орны төлөө гэсэн сайхан санаачилгууд эцэстээ албан тушаал, мөнгө тойрсон хоёр зүйлээр огтлолцож байгааг та бид олонтаа харлаа. “М.Энхболд л огцорчихвол энэ улс сайхан болох гээд байна” гэж уриалж байсан хүмүүс одоо бүгдээрээ сайхан албан тушаалд очсоноос нь харвал энэ үнэний ортой дүгнэлт юм. Гэхдээ энэ удаад арай өөр эрх ашгийн талаар энэхүү нийтлэлээрээ хөндөхийг зорив. 2020 оны төсөв тойрсон эрх ашгийг том зургаар нь хөндье. Монголчуудын сонгож авсан зам бол төлөөллийн ардчилал. Тиймдээ ч дөрвөн жилд ганц л удаа төр барих эрхээ сонгуулиар эдэлдэг. Тогос шиг гоёж, хөхөө шиг донгогдсон улстөрчид айсуй цаг наашилж байна. Гэхдээ сонгуульд Э нэр дэвшигчид ижил гараанаас, адил нөхцөлтэй уралддаг уу гэдэг бол өөр хэрэг. Гудамжинд попрох, Төрийн ордонд кнопдох хоёр ялгаатай гэсэн санаа л даа. Яг одоо төрд байгаа хүмүүс “сонгуулийн авлига”-аа хэлэлцэж байна. Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ цаг үе бол ирэх сонгуулийн угтал бэлтгэлээ УИХ-ын гишүүд хангаж байна гэсэн үг. Маш энгийн хэдхэн баримт дурдъя. 2012 оны сонгуулийн жилийн төсөв өмнөх оноосоо 1.2 их наядаар, 2016 оных нь урд жилийнхээсээ 2.3 их наяд төгрөгөөр данхайж орж ирж байжээ. 2020 оны төсөв ч энэ замыг тойрсонгүй, дайрлаа. Энэ жилийн төсвөөс даруй 1.8 их наяд төгрөг илүүг ирэх онд зарцуулна гэсэн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д оруулж ирлээ. Бодвол энэ дүнг нь УИХ-ын гишүүд хасах биш, нэмж батлах нь гарцаагүй биз. Улсын мөнгө ямар уйлах биш. Харин Монгол Улсын эдийн засаг ингэтлээ томорсон уу гэдэг л асуудал юм.

Сонгуультай холбоотойгоор төсвийн зардлыг өсгөлөө. Гэтэл гадаад өр хэвээрээ байгаа. Засгийн газар, компанийн өр нь ДНБ-ээсээ 2.3 дахин их байгаа. Нөхцөл байдал ийм байхад, халамжийн төсөв баталж болохгүй байсан юм. Төсвийн илүү гарсан орлогоо зарцуулах өчнөөн асуудал байхад тэлж батлаад байна.

Өнгөрсөн онд төсвийн хөрөнгө оруулалт дээр 700 гаруй тэрбумыг суулгаад 300 гаруй тэрбумынх хөрөнгө оруулалтыг хийгээгүй байгаа.

Энэ нь байгаа мөнгөө зөв менежментээр зарцуулж чадахгүй байгааг л харуулаад байна. Тэгчихээд дахиад төсвөө их наядаар өсгөнө гэдэг чинь сонгуулийн шоунд л зарцуулж байгаа хэрэг. Татвар төлөгчид татвараа маш сайн өгөөд байхад Засгийн газар татварыг цуглуулаад үр ашиггүй зарцуулдаг.

Ялангуяа хөрөнгө оруулалтын төсөв маш их тэлсэн байна. Жил бүр сонгуулийн жилийн төсөв тэлдэг. Зөвхөн энэ тэлэлтээс харахад манай дотоод орлого болох потенциал, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан харахад төсөв бүрдэх боломж хомс байгаа юм.

Эдийн засагчид бол иймэрхүү л байр суурьтай байна. Улстөрчид бол өөр бодолтой яваа. Дахин сонгогдох гэсэн ганцхан зорилго нь ирэх оны төсвийн төслийг эхнээс нь ийм данхар оруулж ирсэн ганц шалтгаан. 2016 оны сонгуулийн дараах МАН-ын үйлдэл тод жишээ. Татвар нэмэхгүй гэж амлаж 65 суудалтай болсон эрх баригчид 7 төрлийн татвар нэмж, олны хэл амнаас болж буцааж буулгахдаа заримыг нь өссөн дүнгээр нь үлдээсэн. ОУВС-гийн зөвлөгөө гэсэн ганцхан шалтагаар өөрсдийгөө зөвтгөж байсан тэд одоо яагаад хөрөнгө оруулалт, урсгал зардлыг нэмж оруулж ирж байгааг тайлбарлах арга алга.

Нийгмийн халамжид, эсвэл ирээдүйд урсгал зардал нэмэх хөрөнгө оруулалтад ямархуу мөнгө төлөвлөөд байгааг нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2020 оны төсвийн төслөөс багахан “шүүрдсэн”-ээ хуваалцъя.

Төсөв данхайсны учир

Төсөв өнгөрсөн жилээс 2.3 их наядаар, 2018 оноос дөрвөн их наядаар нэмэгдсэн. Төсвийн зардлын дийлэнхийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг өнгөрсөн жилийнхээс 2.8 дахин нэмж, хоёр их наядад хүргэжээ. Тухайлбал, 193 тэрбум төгрөгөөр 124 сургууль барихаар болсон. Ингэснээр сургуулийн хүчин чадал 55 818 суудлаар нэмэгдэхээр тооцжээ. Мөн 180 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 176 цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зардлын хамгийн их буюу 4.2 их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ. Төсвийг ийнхүү данхайлгасан, зарим зардлыг жагсаавал...

-Төрийн албан хаагчийн цалин нэмэхэд 159.8 тэрбум төгрөг

- Төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг

- Бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор тооцож 21.1 тэрбум, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум,

- “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангахад 13.8 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн 12.7 тэрбум төгрөг.

- Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг энэ оноос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 137.6 тэрбум төгрөгт хүргэх.

- Сумын эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон тариф 37.7 мянган төгрөг байхад хувийн хэвшил бие даан хэрэгжүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн тариф 17.0 мянган төгрөг буюу сумынхаас 2.2 дахин бага байдаг. Үүнийг ижил хэмжээнд хүргэнэ. Ингэхэд 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

- 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор санхүүжилтийн хэмжээг 5.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 10.0 тэрбум төгрөгт хүргэнэ.

- Үндэсний номын сан, Чингис хааны музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Бурхан халдун, түүнийг хүрээлсэн тахилгат газар  нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг шинээр байгуулагдах байгууллагын 79 орон тоо, 1.4 тэрбум төгрөг зарцуулна.

- Улаанбуудайн урамшууллыг 10 тэрбум төгрөгөөр, махны зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгох нийт дэмжлэг, урамшууллыг 66.6 тэрбумаар төсөвлөх.

- Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 141.1 тэрбум төгрөг тусгасан нь 2019 онтой харьцуулахад 38.4 тэрбум төгрөгөөр буюу 37 хувиар нэмэгдэхээр байна.

- Төрийн албан хаагчдын тооны өсөлт 2020 онд 3.3 мянгаар нэмэгдэхээр байна. Орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байна.

- УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан нийт 43.0 тэрбум төгрөг, үүнээс УИХ-ын сонгууль зохион байгуулахад 24.3 тэрбум төгрөг төлөвлөв.

- Боловсролын зээлийн санд нийт 76.6 тэрбум

- Кино урлагийг дэмжих сан шинээр байгуулж 10 тэрбум төгрөг тусгана.

- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 200.0 мянган төгрөгт хүргэнэ. Өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн 85 МСҮТ-д мэргэжлийн боловсролын 1 ба 2.5 жилийн, техникийн боловсролын 1.5 ба 3 жилийн хөтөлбөрт 40 орчим мянган суралцагч хамрагдаж, тэдэнд төрөөс сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна.

Төсвөө хумих бодлого барьж байсан Засгийн газар бодлогоосоо буцаж, сүүлийн хоёр жил төсвөө тэрийтэл тэллээ. Энэ тэлэлт бол эрх баригч намын ирэх оны сонгууль угтсан шийдвэр гэдэг нь дээрхээс харагдана. Эдийн засаг хасах руу унаж, ОУВС-гаас аврал эрэхэд тэд гараа сунгахдаа төсвийн зардлаа багасгаж, орлогоо нэмэхийг шаардсан. Тэр ч шаардлагаар Монгол Улс орлогоо нэмж, зардлаа хянаж ирсэн.

Гэтэл сонгуулийн оноо цуглуулах эрх баригч намын хүсэл, ОУВС-гийн шаардлага зөрчилдсөн ч “Сонгуульд ялах нь эдийн засгаа унагахаас чухал” тул энэ парламент шаардлагыг үл тоож 2019 оны төсвийг 10 их наядад хүргэж кнопдсон. Энэ тэлэлт үргэлжилсээр сонгуулийн жилийн төсвөө 10 их наяд давуулав.

Өөрөөр хэлбэл, 2020 онд төсөв 1.8 их наядаар нэмэгдэж зардал 13.9 их наяд, алдагдал хоёр их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн энэ тэлэлтээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг тэлэхтэй холбон зөвтгөв.

Төсвийн тэнцлийг эерэг болгож болохгүй байна. Монгол Улсын эдийн засаг 2013 оноос хумигдаад, агшсан.  Ийм байхад төсвийн тэнцлээ эерэг болговол эдийн засаг хумигдах гээд байна. Тиймээс л эдийн засгаа тэлэх зорилгоор төсвийг алдагдалтай оруулж ирээд байгаа юм

Гэвч сайдын болон эдийн засагчдын байр суурь эсрэг тэсрэг байгаа нь нэгийг хэлж байгаа биз ээ.

Гадаад өрийн асуудал ойрын үед тулгарах эрсдэл. Үүнд бэлдэхгүй байна. 2020 оны төсөвт тусгасан хоёр их наядын алдагдал бол Монгол шиг жижиг эдийн засагт маш том дүн. Энэ алдагдлаа гадаад өрөөр л нөхнө. Монгол Улс гишүүнээр нь элссэн олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмжүүдийг огт уншдаггүй, үл хайхарсан шийдвэр гаргадаг. Хэрэв уншиж танилцаад, шийдвэртээ тусгадаг бол төсвийн сахилга бат, хариуцлага нэмэгдэх боломж бий.

2012, 2016 оны сонгуулийн төсвийг харахад зардал өндөр, орлого бага байсан. Тэр утгаараа төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-д өндөр хувь эзэлдэг. 2020 оны төсөв бас энэ уламжлалаар батлагдах нь гэж харж байна.

СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан

Төсвийн бодлого хямралаас зайлсхийхийн эсрэг явж байгаа нь харамсалтай. 2021 онд ирж болзошгүй хямрал, төлөх гадаад өрийн бэлтгэлдээ анхаарахгүй байна. Төсвийн бодлого зорилго чиглэлгүй, хариуцлага хүлээдэггүй болж тогтлоо. Улс төрийн тодорхойгүй байдал шийдвэр гаргагчдаас хамаарч байна. Тиймээс ирэх оны сонгуулиар ядаж 30-40 хүнийг рационал байхаар сонгож чадвал бодлого тодорхой, хариуцлагатай болох байх.

2020 оны төсөв өргөжсөн байна. Ялангуяа хөрөнгө оруулалт нэлээн нэмэгджээ. 2020 он бол сонгуулийн жил учир төсөв өргөжсөн болов уу. Эрсдэлийн хувьд төсвийн алдагдлын хоёр орчим их наяд төгрөгийг санхүүжүүлэх тал дээр эх үүсвэрийг нь боловсруулсан байсан нь боломжийн байгаа.

“Сонгуульд л ялж байвал маргааш яах вэ дээ...”

Маргаашаа бодоогүй өнөөдөр. Товчхондоо, “Сонгуульд л ялж байвал маргааш яах вэ дээ” гэж эрх баригчид огцорсон, огцруулсан ялгаагүй. Дэлхий дахинд өрнөж буй технологи, худалдааны маргаантай уялдуулж, хөгжингүй орнууд мөнгөний зөөлөн бодлого баримталж, төсвөө танаж байхад Монгол Улс эсрэгээр нь тэрийтэл нь өсгөсөөр байна. Ингэхээр 2020 оны төсөв бол эдийн засгийн нөхцөл байдал, агуулга талаасаа бус улс төрийн шинжтэй байгаа юм.

Зардал, алдагдлаа дагаад өссөн төсвийн орлого 11.8 их наяд төгрөгөө Монгол Улс бүрдүүлж чадах уу гэдэг ч мөн дотоодын үйлдвэрлэл, татварын орлого хийгээд, гадаад нөхцөл байдал талаасаа асуудал дагуулна. Энэ хэмжээний орлого олохоор дотоодын эдийн засгаа усалсан уу.

Төсөв бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүний ханш тогтвортой юу. Тэр дундаа 42 сая тонн нүүрс экспортлох яг таг гэрээ хийсэн үү. Энэ жил гурван их наядыг олохоор төлөвлөөд чадаагүй байж, одоо уул уурхайн салбарын орлогыг 24.8 хувиар өсгөж 3.2 их наядад хүргээд олж чадах уу гэдэг том сорилт. Энэ асуултад доорх эдийн засагч хариултыг өгч байна.

Энэ онд, мөн ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Гэтэл бидний нүүрсийг худалдан авах гэж байгаа тал маш тодорхой бодлоготой. Өнгөрсөн оны арваннэг дүгээр сард нүүрсний импортын төлөвлөгөө нь биелсэн тул хязгаарлаж эхэлсэн хандлага энэ жил ч мөн яригдаж эхэллээ. Бид төсвийн орлогодоо зоригтойгоор тусгаж буй энэ экспортоо харилцагч орныхоо төрийн бодлоготой уялдуулж, хоёр улсын Засгийн газрын хэмжээнд албажуулаад, түүнийгээ тоогоор арилжаа болон бизнесийн гэрээ хэлцэлд тусгах нь чухал. Их хэмжээний өр төлөхийн өмнөх жилийн төсөв ийм хариуцлагагүй байж болохгүй.

Ирэх оны төсвөөс энгийн тоо шүүрдвэл ийм л байна. Улсын мөнгө уйлахгүй юм даа. УИХ-ын гишүүд ч улайхгүй юм даа. Харин улсын маань утаатайхан ирээдүй хааш мөлхөнө вэ?