Э.Даваанасан Дэлхийн цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ

Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.
Чөлөөт бөхийн төрөлд 42 орны 167 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ, 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медалийн эзэн боллоо.
Ирэх долоо хоногт 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох түүний хувьд 1/8 шигшээд Нигерийн Реубен Амучечиг цэвэр, шөвгийн наймд Гвинейгийн Фатумата Камараг 2:0-ээр ялж хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт Польшийн Агнешка Вейшчект 6:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дайлан Реисийг 9:5-аар ялснаар өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ий медалиа цэргийн наадмынхтай ихэрлүүлэв.
Түүнчлэн өнөөдөр 76 кг-д барилдсан ОУХМ Г.Ариунжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017 оны цэргийн дэлхийн аварга Украины Алла Белинскаяд 2:6-гаар ялагдлаа.
Энэ удаагийн наадамд “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий хошой алт, мөнгө, нэг хүрэл медальт, Таха Ахгуль (Турк), олимпийн наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Наталья Воробьева, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт Гажимурад Рашидов, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболов (бүгд ОХУ), С.Цэрэнчимэд (Монгол), олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Сонер Демирташ (Турк), Габор Хатош (Унгар), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Даулет Ниязбеков (Казахстан), Кумба Ларрок (Франц), Ивона Матковска (Польш), дэлхийн дэд аварга Зоу Фенг, Дэн Живэй (хоёул), Алине Сильва Феррейра (Бразил), Нуркоза Кайпанов (Казахстан), ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран (Монгол), олимпийн хүрэл медальт Агнешка Вейшчек (Польш), ДАШТ-ий хүрэл медальт Василий Шуптар, Андрей Яценко (хоёул Украин), Мохаммадхосейн Мохаммадьян (Иран), Артур Найфонов (ОХУ), Анастасья Хучок (Беларусь), Зелимхан Хажиев (Франц), Азийн хошой аварга Ядоллах Мохеби, Европын наадмын аварга Махир Амирасланов (Азербайжан), Европын аварга Владислав Байцаев (ОХУ), Роксана Засина (Польш), Азийн аварга Реза Афзали (Иран) тэргүүтэй улсынхаа армид данстай шилдгүүд Үханий дэвжээнд зодоглосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ээ, энэ одоо арай дөнгүүр царай зүстэй юм олдоогүй юм байх даа, ядахдаа хэлээд нүүрийг нь угаалгачих ухаан байдаггүй ээ

    0 0 Хариу бичих
  2. Энэ нүүр царай нь яацарсан юм бэ. Ингэн ингэн бөх барилдаж байдаг. Ц.Хосбаяр та айлын охин хүүхдийг яагаад байгаа юм бэ, хэл.

    0 0 Хариу бичих