“Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” олон улсын бага хурал өчигдөр болов. Энэ үеэр дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд энэ тал дээр хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцсан юм.
“Сүү” хувьцаат компанийн захирал М.Мандхай
-Манайх Европын сэргээн босголтын банкнаас дотоодын арилжааны банктай хамтарч хөрөнгө татсан. Гаднын хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдлыг харахын зэрэгцээ тухайн компанийн санхүү, чадавхид маш их шаардлага тавьдаг. Мөн ТУЗ-ийн гишүүдийн хараат бус байдал, зах зээлийн нөхцөл, олон улсын стандартыг хардаг. Нэмж хэлэхэд, хөрөнгийн зах зээл компаниудын хөрөнгө босгох боломж гэдийг хэлмээр байна.
“Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тацуяа Хамада
-Манайх анх 1996 онд Монголын харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ авсан. Гаднын хөрөнгө оруулагчдын амжилтын гол түлхүүр нь дотоодын компаниа сонгох байдаг.
“Sky hypermarket” ХХК-ийн захирал Б.Самади
-Хөрөнгө оруулалтаа аваад үйл ажиллагаагаа эхлэхэд дэлгүүрт нийлүүлэх мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээ авах дотоодын нийлүүлэгч хомс байсан. Хотын ойр орчмоор яваад нийлүүлэгчидтай уулзахад шаардалага хангахгүй байсан. Үйлдвэрлэл талаасаа тэр. Тэгээд Солонгосоос мэргэжилтэн авч ирж, нийлүүлэгчээр сонгосон компаниудынхаа хүмүүсийг сургасан. Хэрхэн ургацаа авах, бүтээгдэхүүнээ хэрхэн бэлдэх гэх мэт. Ингэсний дараа нийлүүлэлт сайжирсан. Энэ мэт жишгээр л хөрөнгө оруулалт татж, дотоодын компаниудтайгаа харилцаж эхэлсэн дээ.
“Ханбогд кашмер” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг
-Бизнесийнхнийг дэмжинэ гэж олон жил ярьсан боловч одоогоор ямар ч бодит дэмжлэг байхгүй. Татварын орчин маш муу. Сүүлд оруулсан Татварынбагц хуульд аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгасан ч тэр нь томоохон аж ахуйн нэгжүүдэд хүртээлгүй өөрчлөлт. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай тиймээс ноолуурын салбарыг сайн дэмжинэ гэж улс төрчид ярьдаг ч тэр нь бизнесийн амьдрал дээр буудаггүй. Наанадаж, тоног төхөөрөмжийн татварыг тэглэчих хэрэгтэй.
“MCS” группын хөрөнгө оруулалт хариуцсан захирал С.Цэнгэл
-Дотоодын хувийн хэвшлүүд бол гадаадын хөрөнгө оруулалтыг угтаж авдаг анхдагч нэгж нь. Гаднын хөрөнгө оруулагчид манайх шиг улсад хөрөнгө оруулахдаа дотоодын түншлэгчдийг хайдаг. Ингээд хамрахаасаа өмнө гэрээ байгуулж, эрсдэлийг дотоодын компанид үүрүүлэх гэж оролддог. Өөрөөр хэлбэл, газар, авлига, шаардлагатай тохиолдолд өмч хураах гэх мэт эрсдэлийг хэлж байна. Үүнийг угаасаа гаднын хөрөнгө оруулагчид хариуцаж чадахгүй. Мэдээж ийм эрсдэл үүрүүлэхийн тулд эрсдэл даах чадвар, итгэл даах чадвар гэсэн хоёр зүйлийг л тэд хардаг. Ингэхээр өмнө нь гаднын хөрөнгө оруулагчидтай ажиллаж байсан эсэхийг нь хардаг. Тэгэхээр л нөгөө монголын хэдэн том компаниуд хөрөнгө оруулалт авлаа гэдэг.
“Оюу Толгой” компанийн нийлүүлэгч “Ораметалл” компанийн захирал С.Бат-Эрдэнэ
-Гадаадын хөрөнгө оруулагчидтай дотоодын компаниуд ажиллахад бэлэн үү гэдэг их чухал асуудал юм билээ. Анх “Оюу Толгой” компанитай ажиллахад надад сурах зүйл маш их байсан. Би салбартаа олон жил ажиллаж, компани хөлөө олсон болохоор гаднын компанитай ажиллахад асуудал гарахгүй гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байсан. Хувь хүн талаасаа хөгжих, боловсрох шаардлага наанадаж тулгарсан. Компанийн танилцуулгаа бэлдэх, бүтээгдэхүүнээ танилцуулах гэх зэрэгт сүүлийн үеийн программууд дээр ажиллах хэрэг ч гарсан. Тэгээд би “Оюу Толгой”-той хамтарч ажиллахын тулд хоёр жил сургалтад суусан. Хуучны хээгүй Монгол бизнесман орчин үеийн бизнесман болсон доо. Тус компанитай хамтарч ажилласанаар манай компанийн хөрөнгө, ажилчдын тоо гурав дахин нэмэгдсэн. Тэр хэрээрээ компанийн засаглал, ХАБ бүгд сайжирсан. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулагчидтай хамтрахын тулд үзэл хандлагаа өөрчилж, боловсрох хэрэгтэй гэж л хэлмээр байна.