“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Tогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.