ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар Сирийн хойд нутаг дахь курдуудын асуудлаар тохиролцоонд хүрчээ. Хийсэн хүмүүс нь өөрсдөө “Түүхэн” гэж нэрлэж буй энэ тохиролцоог хийснээр курдууд Сирийн хойд хилийн дагуу байгуулж буй “Аюулгүйн бүс”-ийг сайн дураараа орхихоор болсон байна. Курдууд гарч явсан учир Турк улс ч байлдааны ажиллагаагаа бүрмөсөн зогсоохоор болжээ.
Турк улс Сирийн хойд хилийн дагуу байрлаж байсан курдын анги нэгтгэлүүдийг холддуулах зорилгоор “Энхийн эх сурвалж” хэмээх байлдааны ажиллагааг нэг талын санаачилгаар эхлүүлж, өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Сири рүү хуурай замын цэрэг оруулаад байсан. АНУ энэ хэрэгт хөндлөнгөөс оролцож, тав хоног гал зогсоохыг Т.Эрдоганаар зөвшөөрүүлж, курдуудыг Аюулгүйн бүсээс сайн дураараа гарахыг ятгахаар яриа хэлэлцээр эхлүүлсэн ч курд татгалзсан.

Үүний дараа Р.Т.Эроган тав хоногийн хугацаа дуусмагц гарч яваагүй курдуудыг хайрлахгүй гэж мэдэгдэн заналхийлж, Сирийн хойд нутагт Турк-Курдын дайн болж магадгүй эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байсан юм. Туркуудын өгсөн хугацаа мягмар гаргигт дууссан. Энэ үед харин ОХУ газар нутаг дээр нь цэргийн ажиллагаа явагдаж буй Сирийн холбоотны хувиар асуудалд оролцож, асуудлыг нэг тийш нь болгож дөнгөлөө.
Ямар тохироо хийв?
Турк улс төлөвлөж байснаараа “Аюулгүйн бүс”-ээ авч хоцрохоор болсон. Ингэснээр хилийн аюулгүй байдлаа хангаж, Туркт дүрвэж очсон хоёр сая гаруй сири иргэдийг буцааж авчран суурьшуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болов.
Энд Турк-Оросын цэргүүд аюулгүй байдлыг сахиулахаар болсон байна. Аюулгүйн бүсэд байгаа курдуудын хувьд, гарч явах долоо хоногийн хугацааг өгчээ.