Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар нэгдсэн зөвлөмж гаргажээ

Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Монголбанк “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” сэдэвт олон улсын бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газартай хамтран өнөөдөр зохион байгуулжээ.  

Дэлхийн худалдааны маргаан, эдийн засгийн удаашралаас үүдэн манай экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд буурах төсөөллийг ихэнхи судалгааны байгууллагууд гаргаад байгаа юм. Экспортын голлох түүхий эдийн үнийн уналт нь улсын хэмжээнд 2020-2024 онд төлөгдөх 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөртэй давхацсан тохиолдолд эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа билээ. Иймд эдийн засагт үүсч болзошгүй энэхүү сорилтод урьдаас бэлтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалахад анхаарах бодит шаардлага тулгараад байгаа тул Монголбанкнаас санаачлан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр уг бага хурлыг зохион байгуулсан юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр:  

Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд,
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхмууд
Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөлөл гэсэн тодорхой 3 сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)