Ном, сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр интернэт, нийгмийн сүлжээ нэмэгдсэнээр асар их мэдээлэл агуулсан уудам орон зай үүссэн. Ийм орчноос бодитой мэдээлэл олж хүртэх тун ярвигтай болчихлоо. Барууны их сургуулиудын толь бичигт fake news буюу хуурамч мэдээ гэх ойлголт нэгэнт бүртгэгдлээ. Хуурамч мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яг бодит мэдээ мэт дамжуулж, түгээхийг хэлдэг аж.
Сонгуулиудын үеэр ч их яригдсан даа. Доналд Трамп Америкийн зарим телевиз, сонин мэдээллүүдийг зөвхөн өөрийг нь болон Засгийн газрыг нь гутаах зорилготой мэдээ цацдаг гэж буруутгадаг. Үнэхээр улс төрийн зорилгоор харлуулах мэдээ цацдагийг үгүйсгэх аргагүй. Судалгааны байгууллагууд ч Доналд Трампын Засгийн газрыг шүүмжилсэн мэдээ хайлтын системд давамгайлж байгаа тухай бичсэн нь бий. Мэдээллийн эх сурвалж хэт олон болсон нь нэг талаар түвэгтэй мэт боловч, нөгөө талаар эх сурвалжуудыг харьцуулах өргөн боломжийг бидэнд олгожээ. Хэрвээ барууны CNN, BBC-д итгэхгүй байгаа бол Хятадын CGTN, Оросын RT, Арабын Аль Жазийратай харьцуулаад үзчихэж болно. Гэхдээ дахиад л асуудал ургаж гарна. Бид Америк, Британи, Орос, Хятад, Араб, эсвэл Япон, Солонгосын мэдээллийн эх үүсвэрт итгэхгүй бол яах вэ? Хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгслүүд зөвхөн “харуулахыг хүссэн” зүйлийг бидэнд дэлгэдэг бол яах вэ? Өөр үзэл бодол, өөр эх үүсвэр, өөр үзэл санааг бид хаанаас хайх вэ? Жишээлбэл, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь үнэхээр хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх үр дагавартай аймшигт зүйл үү? Эсвэл уур амьсгалын өөрчлөлт гэгчээр биднийг сүрдүүлж, улс төрийн өөр ашиг хонжоо хайж байна уу? Аль, алиныг нь бид тунгаах ёстой. Бидэнд тийм эрх чөлөө, боломж байна. Магадгүй бид харуулсан зүйлсийг биш хараагүй зүйлсийн төлөө эрэл хайгуулд мордох хэрэгтэй биш үү?
НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн чуулганы үеэр хүрээлэн буй орчны идэвхтэн, 16 астай швед охин Грета Тунберг олны анхаарлын төвд байлаа. Америкийн CNN ч чамгүй сурталчилж буй харагдсан. Грета охин НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцож, индэр дээрээс дэлхийн удирдагч нарыг загнасан тухай мэдээлэв. Үнэхээр ч ууртай харагдсан л даа. “Та нар хоосон үгээрээ миний мөрөөдлийг, миний хүүхэд насыг хулгайлсан... Хүмүүс үхэж, эко систем сүйрч, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр байна...” гээд л. Грета үнэхээр сэтгэгдэл төрүүлж чадсан. Америкийн зарим зүүний үзэлтэй гэх улстөрчид, нийгмийн алдартнууд, сэтгүүлчид охиныг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттертээ Грета охин дэлхийг сэрээж, хүмүүс 100, 100 саяаараа түүний уриалгад нэгдэж байна гэж бахархан бичсэнээс үзэхэд Монголд ч чамгүй шуугиан тарьжээ. Гэхдээ уншигч, интернэт хэрэглэгч бүр Грета Тунбергийн үйлдлийг шагшин магтсан юм биш шүү. Өөр үзэл бодол, сэтгэгдлүүдийн заримаас нь сонирхуулья. “Энэ охин яагаад сургуульдаа сурахгүй байгаа юм бэ? Охины мөрөөдлийг улстөрчид биш, эцэг эх нь хулгайлсан байна. Яагаад насанд хүрээгүй хүүхдийг цэг эх нь улс төрийн зорилгоор ашиглаад байгаа юм бэ? Яагаад дэлхий сүйрнэ гэдэгт итгэсэн дунд сургуулийн сурагч нар хичээлээ таслахад хүрэв? 16 настай охиныг зүүний үзэлтнүүд турхираад байна уу? Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа буруутай гэдгийг шинжлэх ухааны баримтаар нотолсон юм уу” гэх зэргээр бичсэн байв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Грета Тунбергийг “Гэрэлтэй, гайхамшигтай ирээдүйд тэмүүлж буй аз жаргалтай залуу охин” гэж тодорхойлсон. Үүнийг нь Америкийн зарим хэвлэл “Доналд Трамп Гретагийн үйл ажиллагааг үл ойшоосон байдал” гэж шүүмжилнэ билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Грета найрсаг, шударга охин гэдэгт би итгэж байна. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс хүүхэд, өсвөр насныхныг ийм нөхцөл байдал руу түлхэхгүйн төлөө бүхнийг хийх ёстой” гэжээ. Хүүхдийг битгий улс төрийн зорилгоор ашиглаж, ашиг сонирхлын золиос болгооч ээ гэсэн санааг Путин давтжээ. Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгч асан Вацлав Клаусын тавьсан илтгэлийг саяхан олж уншлаа. Тэрээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлийн асуудлыг үзэл суртлын сөргөлдөөн болгож буй хэсэг бүлэг хүний тухай бичжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөр сүрдүүлдэг тэдгээр идэвхтнүүд дэлхийн сүйрэл, болзошгүй гамшгийн тухай номлосноороо эргэлзээ, шүүмжлэлт сэтгэлгээ, эрүүл ухаан, бодит баримтад итгэдэг жирийн хүмүүсийн эсрэг радикаль, популист, шинжлэх ухаанаар нотлогдоогүй, нэг талыг барьсан мэдээллээр бөмбөгдөж байгааг анхааруулсан байна.
Бодит баримтыг эрэлхийл! Эргэлзэж байгаа бол өөр эх сурвалж хай! Магадгүй бодит байдалд хавьгүй дөхөх үзэл бодлууд нь зохион байгуулалттай дуулиан, шуугианд нам дарагдаад байна уу гэдгийг л сануулж. Швейцарийн Женевт төвтэй, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын баг хэмээх эксперт, мэргэжилтнүүдийн баг бий. Уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэх ухааны үүднээс судлах, байгаль, улс төр, эдийн засгийн үр нөлөө, эрсдэлийг нь судлах чиг үүрэгтэй байгууллага. Тэгвэл энэ байгууллагатай зэрэгцүүлээд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын бус олон улсын баг гэгчийг байгуулжээ. Тус багт нэгдсэн эрдэмтэд мөн л уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг судалдаг. Гэхдээ НҮБ-ын дэргэдэх, Засгийн газрын судлаач нараас ялгаатай нь уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны үр дүнд үүссэн хүлэмжийн хийн ялгаралтай огт холбоогүй гэж үздэг юм билээ. Уур амьсгалын өөрчлөлтийг Ногоон намууд, Социалистууд улс төрийн зорилгоор ашиглаж байгаа тухай нийтлэл, мэдээллүүд ч интернэтээр дүүрэн бий. Аль алиныг нь судлах нь зүйтэй болов уу, учир нь эргэлзээ хэзээд илүүдэхгүй билээ.