25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байсан бол өнөөдрөөс дахин хаалгаа нээлээ.

Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Тухайлбал, долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гарган авч, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж байжээ. Мөн 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг маш олон вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм.

Харамсалтай нь, 2010 онд байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс шалтгаалан тус үйлдвэрийн хаалга хаагджээ. Харин өнөөдөр тус үйлдвэр дахин нээгдлээ. Тус үйлдвэр нээгдсэнээр хүн амын дунд нэн шаардлагатай байгаа  бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо.

Нэр бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр авч байгаа юм. Дотооддоо үйлдвэрлэдэг болсноор эрүүл мэндийн салбарын төсвийг хэмнэхээс гадна, өвчнөөс шалтгаалан иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг олон давуу талтай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)