Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ

Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт  “Эдийн засгийн төлөв – Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл тавьж,  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн бүрэлдэхүүн оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Ирэх жил буюу 2020 онд эдийн засаг 5.6 хувиар өсөх төсөөллийг Монголбанк хийсэн нь өмнөх төсөөллөө 0.3 пунктээр бууруулсан байлаа.

Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчлэн танилцуулаад байна. Ингэхдээ өмнөх таамаглалуудаас ерөнхийдөө бууруулсан бөгөөд ирэх онд Монгол Улсын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж таамаглажээ. Засгийн газар ч мөн энэ оны өсөлтийг найман хувь гэсэн бол ирэх онд зургаан хувийн өсөлт хүлээж байгаагаа төсвийн төсөлдөө тусгаад байгаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгав. Тухайлбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Түүнчлэн ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)