АНУ-ын Ардчилсан нам болон хэвлэлийнхний "дайсагналаас" болж 2020 онд Их долоогийн дээд уулзалтыг Флорида муж улс дахь хувийн гольфын клубдээ зохион байгуулах гэж байснаа больж, шинээр газар сонгох болсон гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп бямба гаригт мэдэгджээ.
Тэрээр цахим хуудсандаа, ирэх жилийн Их долоогийн хурлыг зохион байгуулах газрыг АНУ дахин хайж байна. Мэрилэнд дэх Ерөнхийлөгчийн амралтын газар Кэмп Дэвидийг мөн бодолцож байна хэмээн жиргэжээ.
Ирэх жилийн Их долоогийн хурлыг 2020 оны зургаадугаар сарын 10-12-нд Флорида мужийн Майами хот дахь "Трамп Дорал гольфын клуб"-д зохион байгуулна гэж энэ сарын 17-нд АНУ-ын Цагаан ордны тамгын газрын түр гүйцэтгэх дарга Мик Мулваней мэдэгдсэн юм. Үүнд АНУ-ын Ардчилсан нам, хэвлэл мэдээлэл, Бүгд найрамдах намын зарим хүмүүс дургүйцэж, албан тушаалаа урвуулан ашиглаж байна хэмээн Доналд Трампыг шүүмжилсэн юм.