Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 417 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.
Санаа 1: Чөтгөрийн тойрог ба ретро популизм
... Популистууд нийгмийг айдаст автуулж, тэр айдас нь бодитой ирсэн мэт төсөөллийг бий болгон тоглолт хийхдээ гарамгай. Тийм намуудыг дээрх чанараар нь адилтган “Нэг сэдвийн нам” гэнэ. Ийм намууд нь нийгэмд хамгийн тулгамдсан ганц, хоёр сэдвийг л (Дүрвэгсэд, Брексит, олигархиудтай хийх тэмцэл, шударга ёс гэх мэт) барьж авдгаараа эрүүл төлөвшилтэй намуудаас ялгагдана.
Тэд маш чухал асуудлыг ярьж, уриалдаг боловч хэрэгжүүлэх тал дээр тодорхой шийдэл байдаггүй. Ялангуяа орчин үеийн популистуудад “Социализмд хүрнэ” гэдэг ч юм уу, ирээдүйн талаар бат төсөөлөл байхгүй, тиймээс ч өнгөрсөн рүү хандах нь олонтаа.
Нийтлэлч Х.Батсайхан
“Популизмын Попури” нийтлэлээс...
Санаа 2: Монголд машин ялна!
Монгол Улсын хүн амын өсөлттэй авто машины импорт “уралдаж” байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын жилд мэндэлж буй хүүхдийн тоо, импортоор авч буй автомашины тоотой дүйх нь. Эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан жилүүдэд бүр давсан үзүүлэлт ч байгаа юм.
Улсын хэмжээнд эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд мэндэлжээ... Он гарснаас хойших есөн сарын хугацаанд импортоор орж ирж, бүртгэгдсэн машины тоо 76539-д хүрчээ.
Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
“Төрөлтөөс давсан машины импорт” нийтлэлээс...
Санаа 3: Анхаар! Төсвөөсөө том авлигатай боллоо!
Сүүлчийн 11 жилийн хугацаанд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан бол 2019 оны эхний хагаст 11,9 их наяд хүрсэн нь Монгол Улсын төсвөөс даваад явчихсаныг АТГ-аас мэдээлэв.
… Авлигын гэмт хэрэг, учирч байгаа хохирол 2018 онд өмнөх жилээс 10 дахин. 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн байна...
Нийтлэлч С.Сосоржав
“Улсын төсөв 10 их наяд, авлигачдын учруулсан хохирол 11.9 их наяд” нийтлэлээс...
Санаа 4: “Сайн улс төрийн намтай байхын тулд сайн нийгэм байх ёстой”
“Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” номын зохиогч Михал Клима:
Чехийн зүүн, барууны үзэл баримтлалтай хуучин улс төрийн намуудыг үлэг гүрвэлтэй зүйрлэх юм бол шинэ улс төрийн намууд түүнээс ч дор аашилж байна. Яг тираннозавр хэмээх махчин үлэг гүрвэл шиг болсон. Улс төрд шинээр орсон нэг нам хувийн хамгаалалтын албанд суурилж байгуулагдаад бусад өрсөлдөгч намуудынхаа эсрэг яг хүчний байгууллагын арга хэрэгслийг ашигласан байдаг. Тэр нам дараагийн сонгуульд ялагдаж дууссан даа.
Өнөөгийн хамгийн том намыг Чехийн хоёр дахь хамгийн баян хүн байгуулж, өөрөө ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэр бол нэг талаараа олигархи юм. Өнгөрсөн хэдэн сонгуульд ялалт байгуулсан хэдий ч одоогоор олон нийтийн дунд нэр хүнд нь 30 хувьтай байна. Бизнесээс гаралтай ерөнхий сайд хүн эдийн засагтай холбоотой шийдвэр гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Энэ нь манай Чехийн улс төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
Олон улсын тоймч Г.Ганбаяр
“Баян хоосны ялгаа гаарвал авторитар удирдагчийг хүсэмжилж эхэлдэг” ярилцлагаас...
Санаа 5: “Идэр насанд нэрмэх үе мөчний эмгэг...”
Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал нь ихэвчлэн остеоартрит буюу өвдөгний үеийн мөгөөрс элэгдэх хэлбэрийн үений эмгэг юм. Олон улсад хийсэн судалгаагаар 60-аас дээш насанд түгээмэл тохиолддог. Гэтэл манай монголчуудад энэ өвчин 40-өөс дээш насныханд ч тохиолдож байна. Энэ нь Монголын эрс тэс уур амьсгал, ажлын хүнд нөхцөл, биеийн жингийн илүүдэл, олон давтагдсан гэмтэл зэргээс үүдэлтэй
Шатаар гарахад, дасгал хөдөлгөөн хийхэд хөл өвдөж байвал эмчид хандаж үзүүлээд өвдөгний рентген зургаа авхуулах хэрэгтэй. Үений мөгөөрс элэгдээд ирэхээр ихэвчлэн хүний хөл майга болоод ясны дотор талын гадаргуу нь их үрэгддэг.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтэл, согог засалч эмч Б.Хосбаярын зөвлөгөөнөөс
Санаа 6: Оросын Алс дорнод хязгаар хятадад алгуур эзлэгдэж байна...
ОХУ-ын Алс Дорнодод шилжин суугч хятадуудын тоо нутгийн оршин суугчдын хэмжээнд дөхөж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийнхний санааг зовоож байна. Хэвлэлд барагтай л бол ярилцлага өгдөггүй ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев саявтархан яриа өгөхдөө энэ сэдвийг хөндсөн нь асуудал нэлээд ноцтой түвшинд очсоныг харуулна.
... Хятад залуус ОХУ-ын нутагт газар тариалан болон бусад салбарт ажиллаж мөнгө олно. Нэг тосгоноос 300 залуу ОХУ-д ажиллаж байгаа жишээ энд олон бий. Тэд мөнгөнөөс гадна орос бүсгүйчүүдийн төлөө хил давж орж ирдэг бөгөөд олонхи нь зорилгоо биелүүлдэг байна...
Олон улсын тоймч Х.Батсайхан
“Хүнгүй газар, газаргүй хүмүүсийн төлөө байдаг” нийтлэлээс...
Санаа 7: Улаанбаатарын дулаан өнцөг-“World music gallery”
2012 онд Уран зургийн галерейд зураач, уран бүтээлч Д.Батбилэг “Are you ready” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэхэд танхимын үүдээр алхан орсон хэн хүнгүй дуу алдаж байсан юм.
...Зураач Д.Батбилэгийн цуглуулгыг түүний хүү, зураач Б.Эрдэнэбаяр нь авч пянз цуглуулагч С.Түвдэндоржийн цуглуулгаас өргөжүүлэн соёлын үрийг түгээхээр өнгөрсөн намар “World music gallery”-г нээсэн. Монголын анхны хөгжмийн түүхийг өгүүлэх энэхүү галерейд зочлон үе үеийн алдартнуудын 3000 гаруй пянзны үүх түүхтэй танилцахаас гадна тэдгээр гайхалтай бүтээлүүдийг эх хувиас нь сонсох боломжийг зочлон ирсэн хүн бүхэнд олгодог юм билээ. Энд Монголын уран бүтээлчдийн анхны пянзнаас эхлээд хамгийн сүүлд хэвлэгдэн ирсэн будаг нь ханхалсан пянзыг харж болно.
Нийтлэлч Г.Дашдулам
“Эргэн ирсэн пянзны эрин үе” нийтлэлээс...
Санаа 8: Багтрааны эм түгээмэл сэргээш байсан уу?
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA) багтраа өвчнийг эмчлэх эм тамирчны бие махбодид ямар нөлөө үзүүлдгийг нарийвчлан шалгуулжээ. Судалгааг ХБНГУ-ын Ульмын их сургуульд захиалж хийлгэсэн бөгөөд Кёльн, Берлинээс эрдэмтэд ирж хамтарсан юм байна. Тэд өндөр түвшний тамирчид биш ч эрчимтэй дасгал сургууль хийдэг 24 сайн дурынхныг сонгон авч, багтрааны эм хэрэглүүлэн бэлтгэл хийлгэж, гарч буй үр нөлөөг нарийвчлан судалсан аж.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) багтрааны эмийг судална гэхэд оросууд “гурван жилийн дараа ч гэсэн судалж байгаа нь овоо доо” гэлцэж байсны учир нь, багтраа өвчин, түүнд хэрэглэдэг эм бэлдмэл нь нэг төрлийн допинг байж болох юм гэдэг санааг тэд өөрсдөө гаргасан.
Олон улсын тоймч Х.Батсайхан
“Дэлхийн спортыг цочоох “шинэ” допингийн дуулиан” нийтлэлээс...
Санаа 9: Орон гэрт ороод ирсэн агаарын "бахардал"
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, угаалга ариутгалын бодис зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Тоймч Г.Сонинбаяр
“Агаартай ч угаартай” нийтлэлээс...