Монголын рок попын амьд домог болон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт өнгөрсөн амралтын өдөр Буянт-Ухаа цогцолборт “Замд гаръя...” нэртэйгээр нижгэр болж өнгөрсөн.

Тэртээ 1989 онд Драмын теарт анхны “Амьдрал” концертоо хийхэд нь барууны хөгжим, тухайн үедээ цоо шинэ рок хөгжим сонирхсон залуус тоглолтын билетээ тас атгачхаад театрын хаалгаар чихцэлдэн орж, ...Ай даа, хүний амьдрал Эгэл жирийн боловч Энэхэн биедээ багтахааргүй Их хүслийн далай юм аа... хэмээн хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэн дуулж байсан нь лавтай. Тэр ч утгаараа энэ үдэш гурван үеэрээ “Харанга”-ын дуу хуураар амьсгалсан юм.

Тоглолт 16:00 цагаас эхэлж рок попын дуучдаас “Харанга” хамтлагтаа хүндэтгэл үзүүлэн өөрсдийн дуунаас болон “Харанга” хамтлагийн дуунаас дуулж, үзэгчдийг улам догдлуулж байв. Үдшийн эзэд 19:00 цаг жаахан өнгөрөөж гарч ирсэн бөгөөд тоглолт өндөрлөх 12.00 цаг хүртэл “Харанга” тасралтгүй тоглосон нь үндсэндээ бараг дөрвөн цаг гучаад минут. Өдгөө 60 шүргэсэн ах нар тайзнаа бол 30-н настай эрч хүчээр оргилсон залуус байлаа. Бүтэн дөрвөн цаг үзэгчидтэйгээ хамт дуулж, хөгжимдсөн “Харанга”-ынхнаар бахархахгүй байхын аргагүй.

Зөвхөн “Харанга”-ын тайзнаа л харж болох сюрпризүүд бол Том Жагаа, “Хурд” хамтлагийнхан байлаа. Мөн гэнэтийн бэлэг үргэлжлэн  “Никитон” хамтлагийн Өөжгий, Баачка “Дөрвөн улирал” дууг хамтдаа дуулсан бол дуучин С.Наран “Өнгөрсөн үе” дууг амилуулж, альтернатив Х.Отгоо “Зүүдэндээ би”, “Киви”-гийн Ука, поп дива Б.Сарантуяа нар “Харанга”-ын дууг эгшиглүүлсэн нь жинхэнэ “галзуу” бэлэг байв.

Үргэлж бөмбөрийн ард байдаг Пүрэвдаш энэ үдэш тайзны урагш гарч бөмбөрийн соло шоугаараа үзэгчдээ гайхшруулсан. Түүнчлэн “Харанга”-ын дуучин Х.Лхагвасүрэн “Энэ үгийг би шинэ дуугаа дуулахын өмнө зориуд хэлж байна. Би 40-өөд жилийн өмнөөс тамхи гэгчийг хорьсоор байхад нь зөрсөөр татаж эхэлсэн. Харин одоо хамтлагийнхаа 40 жилийн ойг тэмдэглэхийн тулд тамхийг орхиж байна. Энд цугларсан залуус, бүсгүйчүүд ч надтай хамт тамхийг хаях нь хаяарай” хэмээн уриалаад энэ хооронд нэг, хоёр л сорж амжсан тамхиа хогийн сав руу хаяхад нь танхим дүүрэн цугласан үзэгч, үнэнч фэнүүд нь түүнд баяр хүргэж, алга нижигнүүлэн ташив. Энэ баяртай мэдээ “Харанга”-ын шинэхэн дуу “Одод”-оор үргэлжлэв.

“Харанга”-ын сэтгэлд хоногшсон дэндүү гоё дуунууд эгшиглэж, уяраасан догдлуулсан дурсамж дүүрэн үдэш байлаа.

Баярлалаа, “Харанга”