Дорнод аймгийн Чойбалсан сумын "Энгэр шанд" багийн Үзүүр толгой гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумаас тус аймгийн Чойбалсан сумын нутагт орших “Хавирга" өртөөний боомтын чиглэлд зорчиж явсан ОХУ-ын харьяат иргэн В машинтайгаа элсэн суужээ. Түүний ОХУ-ын дугаартай, “Волво” загварын том оврын транзит тээврийн ачааны автомашиныг татаж гаргахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 50 минут ажилласан байна. Гэвч хүнд даацын автомашин элсэнд гүн шигдэж суусан учир татаж гаргахад хүндрэлтэй байснаар аврах ажиллагааг түр зогсоожээ. Өнөөдөр тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид ОХУ-ын иргэний машиныг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.