Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга замыг хэлэлцэж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан билээ. Тухайлбал, төрийн албанаас хууль бусаар халагдсан албан тушаалтнууд шүүхийн шийдвэрээр ажилдаа ороход ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан төлөх хуулийн зохицуулалттай хэдий ч үүнийг тухай бүрт хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар хамтран Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын нэгжийн албан хаагчид, холбогдох яам агентлагийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагуудыг оролцуулан “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, “Онч шийдэл” ТББ-ын төлөөллүүд “Төрийн байгууллагуудын ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан иргэдийн судалгаа”, “Нийтийн мөнгөний удирдлага, хяналт, зарцуулалт ба хуулийн хийдэл”, “Нийтийн өмчийг хамгаалах эрх зүйн орчин, тулгамдсан асуудал”, “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд төрийн аудитын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн үүрэг оролцоо”, “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавьж, асуудлыг тоо баримт, мэдээлэлд тулгуурлан ярилцаж, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, төрийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)