Эрх баригчид бэлэн мөнгө тарааж эдийн засгаа сүйрүүлснээс эхэлж тооцвол бид 2008 оноос хойш популист улстөрчдийн хохирогч болжээ. Энэ тал дээр бид европчуудаас дор хаяж 10 жилийн өмнө яваа. Энэ эрчээрээ явбал популист улстөрчдийнхөө хөлд чирэгдэн баларч буй Зимбабве, Венесуэлийг тун удахгүй гүйцнэ. Тэгвэл популизм гэж юу вэ? Популизм, популист гэдэг үгс уг нь улс төрд хамгийн муу хараалд тооцогддог. Хэн нэг   улстөрчийг популист гэж хочлох нь доромжилж буй хамгийн дээд хэлбэр. Популистууд нийгмийг айдаст автуулж, тэр айдас нь бодитой ирсэн мэт төсөөллийг бий болгон тоглолт хийхдээ гарамгай. Популистуудын баримталдаг алтан зарчим бий. Тэр нь “Хамгийн их хэрэгтэй ч байхгүй зүйлийг нь амлах”.

Дэлхий дахинд нийтлэг үзэгдэл болоод байгаа популизм, популистуудын эрин хийгээд тэдний сэргэн мандалтын талаар нийтлэлч Х.Батсайхан “Үндэстний тойм”-ын энэ удаагийн дугаарт онцоллоо. Түүний “Популизмын попури” нийтлэлийг заавал уншаарай.

Энэ удаа “interview” буланд “Ийгл” телевизийн Гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр Чехийн улс төр судлаач Михал Климатай ярилцлаа. “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх номын зохиогч энэ эрхэм клиентелизм, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг, улстөр ба эдийн засгийн холбоо харилцааны талаар судалж, бичдэг бөгөөд гажуудсан ардчиллын талаарх бага хуралд оролцож илтгэл тавихаар Монголд ирсэн юм.

Нийслэлийн агаарын бохирдол багассан ч дотоод орчны агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгааг нийтлэлч Г.Сонинбаяр “Агаартай ч угаартай” нийтлэлдээ хөндсөн бол жилд импортолж буй автомашины тоо монголчуудын хүн амын дундах төрөлтөөс давах болсон нь ямар асуудал дагуулж байгааг нийтлэлч Х. Болор-Эрдэнэ тайлбарласан байгаа.

“Хүнгүй газар, газаргүй хүмүүсийн төлөө байдаг”. Энэ бол НҮБ еврей иргэдэд Палестины нутаг дэвсгэрт газар заан суурьшуулах үед хэрэглэж байсан уриа. Харин эдүгээ ОХУ-ын Алс дорнодод өрнөж буй амьдрал дээрх уриаг дахин сануулахад хүрчээ. Оросууд хятадуудад Алс дорнодоо үүрд алдах уу? Энэ талаар “Үндэстний тойм” “Тэд” буландаа онцоллоо.