ОУВС-гийн шийдвэр тогтоогч байгууллага буюу Олон улсын валютын болон санхүүгийн хороо энэ сарын 19-нд хуралджээ. Тус хорооны 40 дэх удаагийн хуралдаанаар дэлхийн худалдааны хурцадмал чиг хандлагын талаар шүүмжлэл өрнүүлсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагад шаардлага бүхий өөрчлөлт хийхийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах боломжуудыг ярилцсан аж.
Хурлын дараа нийтэлсэн албан мэдэгдэлд, "Одоогийн болон ирээдүйд үүсэх сорилтыг зохицуулж чадах, дүрэм тогтоол нь сайтар хэрэгжих боломжтой олон улсын худалдааны хүчтэй систем бий болгох нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж чадах юм. Тиймээс худалдааны хурцадмал асуудлуудыг шийдвэрлэх, Дэлхийн худалдааны байгууллагад шаардлагатай өөрчлөлт хийж, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлага бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн" гэжээ.
Олон улсын валютын болон санхүүгийн хорооны дарга "Зарим эдийн засгийн бүсийн хувьд өдгөө ерөнхий эдийн засаг нь сайн байгаа хэдий ч хөрөнгө оруулалт суларснаас аж үйлдвэрий салбарын үйлдвэрлэл нь саарч, цаашид хэрэглэгчдийн итгэлд ч нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна" гэжээ.
Түүнчлэн ОУВС-гийн Захирлуудын хөгжлийн хороо гаргасан мэдэгдэлдээ "Дэлхийн эдийн засагт санаа зовоох зүйлс улам бүр нэмэгдсээр байна. Өндөр хөгжилтэй орнууд төдийгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, зарим хөгжиж буй орон эдийн засгийн хурц дарамтыг мэдэрч байна. Тодорхой бус байдал нь зах зээлийн мэдрэмж, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлөл дагуулж, борлуулалт, санхүүгийн хямралыг үүсгэж болох тул үүсэх эрсдэлүүд нь ихээхэн байна. Шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнууд уян хатан байдлыг нэмэгдүүлэхийн тулд макро эдийн засаг ба бүтцийн бодлогыг бэхжүүлж, эрсдэлийг илүү сайн даван туулах нөхцөл байдлыг бий болгох ёстой. Энэ мэт олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай юм" хэмээн онцолсон байна.