Турк улс Сирийн хойд нутагт явуулж буй байлдааны ажиллагаагаа 120 цаг буюу тав хоног зогсоохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Р.Т.Эрдоган курдын дайчдад аюулгүй бүсээс сайн дураараа явах боломж өгөхийн тулд ийнхүү гал зогсоохыг зөвшөөрсөн. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс түүнийг ятгаж зөвшөөрүүлсэн бөгөөд аюулгүйн бүсээс гаргах асуудлаар курдуудтэй яриа хэлэлцээр эхлүүлсэн гэж мэдэгдсэн.
Тэгвэл Курдууд Вашингтоны саналыг хүлээж аваагүй тул Сирийн хойд нутагт байдал тодорхойгүй хэвээр байна. АНУ-Курдын хэлэлцээрийг урагшлуулахын тулд ч юм уу, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр “Хэрвээ мягмар гаригийн орой гэхэд курдын дайчид аюулгүйн бүсээс гараагүй байх юм бол тархийг нь хагалаад өгнө” гэжээ. ВВС энэ талаар мэдээллээ.