Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцанд өөрөө удирддаг гэрлийн товчлуур суурилуулжээ. Явган зорчигч өөрөө удирдах зориулалттай эдгээр гэрлэн дохио ирэх даваа гаригаас ажиллаж эхлэх юм байна. Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг ийнхүү өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ажээ. Ингэснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах боломжтой болох аж. Харин жолооч нар гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явах шаардлагатай ажээ.
Дэлхий улс орнуудад ийм явган зорчигч өөрсдөө зохицуулдаг удирдлагатай гэрлэн дохио түгээмэл хэрэглэгддэг. Ийм гэрлэн дохионуудыг явган зорчигчийн товчлууртайгаар үйлдвэрлэдэг бол манайд туршиж байгаа нь жирийн гэрлэн дохионд товчлуур суурилуулах замаар шийдлийг нь гаргасан юм байна.