Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хамгийн ихээр ачаалалтай байдаг гурван уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Баруун дөрвөн зам, "Цэцэг" төв, МИС-ийн уулзварын зүүн гарын эргэлтийг хязгаарласан байна. Тодруулбал:
1. Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайвны өргөн чөлөөрүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.
Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88 хувиар буюу цагт 479 а\м нэвтэрч байсан бол 766.2 а\м болж өснө гэж тооцжээ.
2. МИС-ийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.
Судалгаагаар энэ чиглэлд мөн л цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим 2 дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь 2 эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр 3 эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолж байна.
3. "Цэцэг" төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.
Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайвны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас төв шуудангийн уулзвар руу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой.

Баруун дөрвөн замын уулзвар

МИС-ийн уулзвар

"Цэцэг" төвийн уулзвар