“Прицкер” бол архитекторчдын хувьд Нобель гэгддэг нэр хүндтэй шагнал. Дэлхийн хэмжээний энэхүү нэр хүндтэй шагналыг 1979 оноос хойш тасралтгүй олгож иржээ. Энэхүү шагналыг АНУ-ын хамгийн баян гэр бүлүүдийн нэг болох Прицкерийн гэр бүлээс олгодог юм. Тиймээс дэлхийн архитектурын шилдэг дээд шагналын тухай өгүүлэхийн тулд Прицкерийн гэр бүлийн түүхийг ярих хэрэгтэй болно.
1881 онд тухайн үеийн хаант Оросын эзэмшилд байсан Киев хотоос еврей гаралтай Николай Яковлевич Прицкерийн гэр бүл АНУ-ын Чикаго хотод цагаачлан очжээ. Н.Я.Прицкер Оросын шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, алдарт экзистенциалист философич Лео Исакович Шестовтой үеэл ах дүүс ажээ. Н.Я.Прицкерийн ач хүү Жэй Прицкер нь АНУ-ын нэртэй бизнесмэн болсон бөгөөд дэлхийд алдартай “Hyatt” зочид буудлын сүлжээг үндэслэсэн байна. Эдүгээ ч гэсэн Прицкерийн удмынхан энэхүү сүлжээ зочид буудлыг эзэмшдэг ажээ. Прицкерийн гэр бүл 1982 оноос хойш “Forbes” сэтгүүлийн "America's Richest Families" жагсаалтыг тэргүүлэх болсон байна.
Энэхүү гэр бүлийнхэн 1979 онд өөрсдийн нэрэмжит “Прицкер” шагналыг бий болгон шилдэг архитекторчдод олгох болсон нь “Архитекторын Нобель” хэмээн нэрлэгджээ. Шагналыг хүрэл медаль болон 100 мянган ам.доллар дагалддаг байна. Архитектураар дамжуулан хүн төрөлхтөний амьдралд эерэг өөрчлөлт авчрах нөлөөлөл, авьяас чадвар, шинэлэг байдал, бүтээлч сэтгэлгээ зэрэг хэд хэдэн онцгой шалгуураар тухайн жилийн архитектурын дээд шагнал “Прицкер”-ийг олгодог байна. “Прицкер” шагналыг олгохдоо тогтсон нэг газарт бус жил бүр өөр өөр газар, архитектурын хувьд хамгийн сонирхолтой, эсвэл ач холбогдол бүхий хотыг сонгон шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг байна. Тухайлбал, анхны гурван “Прицкер” шагналыг Вашингтон хотод гардуулж байсан бол дараа дараагийн шагнал гардуулах ёслол Чикаго, Нью-Йоркт хотуудад болж байв. Улмаар тив алгасан Лондон, Токио, Берлин, Прага, Мадрид, Бээжин зэрэг Ази, Европын хотуудад “Прицкер” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж байсан аж. Харин энэ жилийн “Прицкер” шагналыг Францын алдарт Версалийн ордонд гардуулжээ. 2019 оны “Прицкер”-ийн эзэн нь Японы архитектор Арата Исозаки.
Эдүгээ 88 настай Исозаки дэлхийн хоёрдугаар дайны дараахь Японы хамгийн нөлөө бүхий архитектор гэж тооцогддог. "Прицкер"-ийн 46 удаагийн шагналыг хүртсэн энэ эрхэм Японы архитекторчдоос энэхүү хүндтэй шагналыг гардсан найм дахь хүн нь болжээ. "Прицкер"-ийн шагнал олгох хорооныхон түүнийг "Олон талын, нөлөө бүхий, жинхэнэ олон улсын архитекторч" хэмээн тодорхойлжээ. Архитектурын түүх, онолын талаар гүнзгий мэдлэг эзэмшсэн, авангард урсгалтай сайтар танилцсан гарамгай уран бүтээлч гэдгийг ч мөн онцолсон байна.

2019 оны "Прицкер"-ын шагнал гардуулах ёслолд Францын ерөнхийлөгч Э.Макрон оролцов.

2019 оны "Прицкер"-ийн шагналыг алдарт Версалын ордонд гардуулсан байна.

"Прицкер"-ийн шагналтан АРАТА ИСОЗАКИГИЙН БҮТЭЭЛЭЭС





