БНХАУ-ын зүүн хэсгийн Жяньси мужийн Наньчан хотын Дунху дүүрэгт хог ангилан хүлээж авахад зориулсан ухаалаг савуудыг байршуулжээ. Царай таних технологид тулгуурлан бүтээгдсэн энэ савнуудыг өнгөрсөн долоо хоногоос ашиглаж эхэлсэн бөгөөд иргэдийн байгаль орчныг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг бодитоор урамшуулах зориулалттай юм. Оршин суугчид байр, орон сууцныхаа ойролцоох хогийн савны дэргэдэх самбарт царайгаа таниулаад, хогоо шаардлагын дагуу ангилан ялгаж хийнэ. Ингэсний дүнд төхөөрөмж хогийн ангилал болоод жин, хэмжээг тогтоогоод тухайн хүний нийгмийн оноо цуглуулдаг карт руу тодорхой дүн бүхий бонус шилжүүлэх аж. Дээрх бонусыг иргэн хүссэн тохиолдолд бэлэн мөнгө болгон авч болох бөгөөд эсвэл хандивын санд шилжүүлэх зэргээр бусад зүйлд зарцуулах боломжтой юм.