Матаачдын эх орон

Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэргээр шалгагдаж байсан Виталий Степанов өөрийн эхнэр хөнгөн атлетикийн тамирчин Юлия Степановагийн хамт Канад улс руу оргон зугтаж очингуутаа эх орон нэгтнүүдээ Олон улсын олимпийн хороонд матжээ. Тэд түүнийхээ шанд мөнгөн шагнал, албан тушаал хүртэцгээсэн билээ. Матаач хосуудын мэдээлэлд үндэслэн Олон улсын олимпийн хороо ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны үйл ажиллагааг түдгэлзүүлэн, тамирчдыг нь “Рио-2016” олимпийн наадамд оролцуулаагүй юм.

Матаачдын тухай энэ мэт баримтыг холоос хайх шаардлагагүй. Дэлхийд..., олон улсад... гэх мэтээр бөмбөрцгийн юм ярих бүр хэрэггүй. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр монголчууд бид матаачдын арвин баялаг түүхтэй ард түмэн. Эрт урьдын цагт гэж үлгэр эхлүүлэлгүй энүүхэн 70-80 жилийн өмнөхийг л ярихад хангалттай.  Эдүгээ цагийн жишээнүүд бүр олон.

Их зохиолчоо барьж өгсөн нь

1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд их зохиолч Д.Нацагдорж тухайн үеийн сэхээтнүүдтэй хамт шинэ жилийн баярыг Европ маягаар тэмдэглэжээ. Гэтэл Берлин хочит Бат-Очир гэдэг хүн нэрт зохиолчийн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үеийн гэрэл зургийг татаад “Тайж Нацагдоржийн банкет” гэж ард нь тодотгон нэг хувийг нь Дотоодыг хамгаалах яаманд шилжүүлсэн аж. Ингээд түүнийг буруутгах шалтаг гарч 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан мөрдөн байцааж эхэлсэн байдаг. Ингэж их зохиолчийг хэлмэгдүүлэх гох дэгээ нь матаачийн илгээсэн гэрэл зураг болжээ. Коммунист дэглэмийн үеийн Монголд зохиолчдыг хэлмэгдүүлж шорон гянданд хорихын эхлэл ч тэр үед тавигдаж, үзэл суртлынх нь зэвсэг болоогүй олон уран бүтээлчийг матаачдын “буян”-аар илчилж, хорьж, цөлж, хавчин гадуурхаж байв.

 

Өөрийгөө илчлэх тушаал

Их хэлмэгдүүлэлтийн үед “маршал Чойбалсангийн өөрийгөө илчлэх тушаал” гэж алдартай тушаал гарч байсан гэдэг. Тэрхүү тушаалын агуулга нь хэрвээ хувьсгалын эсэргүү хүний төрөл садан юм уу аль эсвэл хувьсгалын эсрэг ямар нэг бүлгэмд нэгдэж, нам, засгийн эсрэг явуулгад автаж байсан бол түүнийгээ шударгаар хүлээн өөрийгөө илчлэх, тэгвэл ялаас хүнд хэлтрүүлнэ гэсэн утгатай. Ингээд хүн бүр өөрөө өөрийгөө хардан цагдаж, До яаманд матан илрүүлэх эмгэнэлтэй бөгөөд инээдтэй жүжигт тоглоцгоож эхэлжээ. “Нам засагтаа чин үнэнээр мэдүүлэх нь Дорж миний бие өөрийн мунхаг харанхуйгаас болж эсэргүү бүлгийн гар хөл болж явснаа туйлаас гэмшин илчилж байна” гэх маягийн өргөдөл бичиж өгдөг байсан гэдэг.  Маршал Чойбалсангийн энэхүү 221 тоот тушаалын дагуу 1937-1939 онд 350 гаруй хүн өөрийгөө илчилсэн аж.

Хувьсгалын эсэргүүг илрүүлэх нэрийн доор их хэлмэгдүүлэлт өрнөсөн тэр он жилүүдэд Халхын голын дайны үед хүртэл цэрэг, дайчид, дивиз, штабын удирдлагуудыг талаар До яам руу матаас бичдэг мэдээлэгч, нууц агентууд маш олон байсан гэдэг. Матаачид хэт идэвхтэй ажилласнаас болж хилийн зарим застав манаанд гарах цэрэггүй болж байсан баримт ч бий.

Мөн хөдөө хотгүй хэт коммунистууд бий болж, айл хөрш, ах дүүсээ хувьсгалын эсэргүү хэмээн “дээшээ” матаж, мэдээлж амиа зогоодог байсан гэдэг.

 

Өөдөө хаясан матаас өөрийн толгой дээр

Арав гаруй жилийн өмнөх явдал. Манай нэгэн нэртэй улстөрч дотнын найзуудтайгаа нийлж согтууруулах ундааны бизнес хийжээ. Бизнес нь ч тун амжилттай болж. Хамтарч зүтгэсэн найзууд тохирсон хувь ашгаа ч хүртсэн аж. Ингээд яваандаа тэрхүү бизнесээ нэг найздаа бүрэн даатгаж өгөөд бүгд өөр өөрийн замыг хөөсөн байна. Хөл дээрээ босчихсон бизнесийг нь үргэлжлүүлж явч явж чадаагүй найз нь харин удалгүй өр зээлд баригдан дампуурахын ирмэг дээр иржээ. Ингээд нөгөө хэддээ хандаж өр зээлээс минь төлөлцөөч гэсэн байна. Уг бизнесээс нэгэнт гарцгаасан найзууд нь юу гэж хүний тавьсан өрийг хувааж төлөх вэ дээ. Тэгмэгц нөгөө нөхөр бизнест анх хамтарч байсан найзуудаа хууль хяналтын байгууллагад матжээ. Тэр нь юу гэхээр “Энэ нөхөд согтууруулах ундааны бизнес эрхэлж байхдаа татвараас зугтаж, орлогоо нуун дарагдуулж байсан” гэдэг матаас. “Энэ нөхөд” гэдэг дотор матаач өөрөө ч тууж яваа шүү дээ. Ингээд татварын ерөнхий газраас өнөө нэртэй улстөрч болон түүний нөхдийн хамтарч хийж байсан бизнесийг шалгажээ. Матаач нөхөр улстөрч найзыгаа ямар нэг байдлаар нөлөөлж, хэргийг дарчихаж магадгүй гэж хардан татварын байцаагчийг яс сахин сууж, тайлан тооцоог нь шалгуулжээ. Ингээд их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэг ч илэрч, баримт нотолгоо, тооцоо судалгаатайгаа гараад ирж. Гэтэл уг хэргийг хэн хариуцах вэ гэдгийг нягтлан шалгатал өнөө матаач өөрөө уг хэргийг хүлээх ёстой хуулийн этгээд байж таарчээ. Найзуудаасаа хамтарсан компанийнхаа бүх эрх мэдэл, удирдлагыг авчихсан, дээр нь хамтарч бизнес хийж байхдаа ч гол “юм”-ыг нь хийж байсан хүн арга байж уу. Матаач өөрөө өөрийгөө олон саяын татварын хэрэгт унагаж, хорих ялаар шийтгүүлэн жил хэртэй шоронд суугаад өршөөлөөр суллагдсан гэдэг. Энэ бол онигоо биш болсон явдал. Харин матаачдын тухай жинхэнэ онигоо нь хаа нэгтээ болсон явдал шиг санагдах нь хоржоонтой.   

 

Нэг их матаач залуу концерт үзэж гэнэ. Тоглолт дууссаны дараа удирдаачтай уулзаад
-Маш сайхан тоглолт боллоо баяр хүргэе
-Баярлалаа
-Тэр хоёр төмөр хавсраад байгаа хүн байна аа даа...
-Аан, манай цанчин уу...
-Тэр муу чинь таныг харахаар цохичоод бусад үед нь зүгээр суугаад байна лээ шүү гэжээ.

 

“Торгуулийн суман”

Жилийн өмнө болсон хэрэг явдал. Нийслэлийн нийтийн тээврийн газар болон замын цагдаагийнхны орлого тасалдсан бололтой юм. Тиймээс коммунист арга барилаар матаачдын хүчээр “улсын төлөвлөгөө, норм”-ыг биелүүлэх шилдэг санаа сэджээ. Замын цагдаагаас томилогдсон албан ёсны матаачдын “торгуулийн суман”  автобусны буудлууд дээр төвлөрч ажиллана. Нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогссон зэрэг зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг утсаараа дарж дүрсжүүлэн, баримтжуулж илгээх нь тэдний  үүрэг. Уг мэдээллийнх нь дагуу жолооч нарт хаягаар нь бэлэн бус торгууль ногдуулан илгээнэ. 2018 оны гуравдугаар сарын 14-нд батлагдсан ширүүн дориун төлөвлөгөө, удирдамжтай энэ кампанит ажлын үеэр гар утас барьсан матаачид автобусны буудал хавиар эргэлдэн, гэрлийн шонгийн наагуур цаагуур, ургаа модны ар өврөөр өлөв доловхийн цухалзаж харагддаг байв.

  

10 хувийн “алтан хошуу”

УИХ-ын дарга Г.Занданшатар авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ. Авлигын эсрэг хуульд ийм нэмэлт оруулах асуудлыг ирэх долоо хоногт нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдчих юм бол авлигын талаар мэдээлэл өгсөн хүнд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас олгоно.

Ийнхүү Монгол Улсын иргэн бүр матаас бичиж амь зуух хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Нэг авлигачийг матахад л амьдрал нь 180 градус эргэнэ. Жишээ нь, оймсондоо мөнгөө нуусан мэргэжлийн хяналтын байцаагчийг яаран илрүүлсэн мэдээлэгч одоо амаа барьж суугаа. Г.Занданшатарын хууль батлагдсаны дараа алтан хошуу өргөсөн бол нэг тэрбум төгрөгийн 10 хувь буюу 100 сая төгрөг халааслах байж гэж бодож таарна. Хүн л юм чинь мөнгө хэрэгтэй байгаа. Ингээд матаачдын марафон эхлэх нь тодорхой.   

 

-Улсын орлого болгож хураасан авлигын мөнгөний 10 хувийг АТГ-ыг орон нутагт хөлтэй болгоход зарцуулъя. Матаач Түгжилүүдийг төрөөс урамшуулахын оронд авлига, хүнд сурталгүй хамт олныг шалгаруулан урамшуулж сэдэл өгье.

Сэтгүүлч Г.Улсболд www.newspress.mn

 

Нүүрээ ширлэсэн “нүүрсчид”

2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газраас тогтоол гаргаж энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх, хэрэглэхийг хориглосон. Энэ өвөл гэр хорооллынхон 100 хувь шахмал түлш хэрэглэнэ. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайдын толгойлдог Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Нүүрс түлж буй айл өрх, албан байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнах”-аар болсон ажээ.

Нүүрсчдийг нүд үзүүрлэх бодлого зөв ч, нүүрээ ширлэсэн матаачдаар гар хөл хийж байгаа нь өнөөгийн төр, засгийн арчаагүй бодлогыг нэг илрэл. Хэрвээ хөхөө өвлийн хүйтэнд шахмал түлш нь илчгүй, бүлтэгнэсэн хэдэн хүүхэд нь гал хөс алдахад хүрвэл хэн ч гэсэн шуудай нүүрс худалдаж аваад галдаа хийнэ. Эсвэл шахмал түлш авах мөнгөгүй айл аргаа бараад ганц хувин нүүрс  түллээ гэхэд матаасанд өртөх үү?

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэн, ахуй орчныг нь сайжруулах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх юм бол хэн ч нүүрс түлж, хөө тортогтой зууралдахыг хүсэхгүй. Шахмал түлш биш нүүрс түлэх гэж эрмэлзэх ямар шалтгаан, нөхцөл үүсч болох вэ гэдгийг тооцоолж, тодорхойлохын оронд шууд л тагнуул, чагнуул тавьж, урамшуулалтай матаачдын бүхэл бүтэн армийг гэр хорооллуудад ажиллуулна гэвэл төр нь иргэдээ хагаралдуулж буй увайгүй үйл ажиллагаа л болно. Гэхдээ айл хөршийнхөө яндангийн утааг хардаж, үнс хогийг нь үнэрлэх шахам явж Үндэсний хороондоо матаас бичиж харласан дотортой “нүүрсчид” олон гарахгүй бизээ.

-Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд манай хороо дэргэдээ цагдаагийн 58 алба хаагч бүхий нэгж байгуулан ажиллаж байна. Уг нэгж төвийн бүсийн зургаан дүүрэгт хяналт тавьж байгаа. Үүний зэрэгцээ дээр дурдсан судалгаа хийж буй 4208 орон тооны бус ажилтнууд ирэх арванхоёрдугаар сарыг дуустал хороо гудамжиндаа хяналт тавьж, түүхий нүүрс түлж байгаа айл өрхийг холбогдох байгууллагад мэдээлнэ. Түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ажуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулиар 50-500 нэгжээр торгоно.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга

 

Шүгэлдэгч далайна, матаач далдирна

Эцэст нь хэлэхэд манайд матаачдыг шүгэл үлээгчидтэй хольж хутгах нь их. Үүний хамгийн том жишээ нь матаачдад шагнал урамшуулал олгох тушаал, захирамж гаргаж, хуулийн төсөл санаачилж буй явдал. Матаачид хүнийг далдуур матан муучилдаг бөгөөд тодорхой хүний асуудлаар зохих байгууллагад байнга мэдээлэл дамжуулдаг. Арван хувиа авахын тулд АТГ-т, шахмал түлшээр шагнуулахын тулд БОАЖЯ-нд гэх мэтээр. Тэд сумаа тавьчихаад нумаа нууна гэгчээр матаасаа далд биччихээд бусдын нүдэнд бол гэмгүй харагдацгаана.  

Харин шүгэл үлээгч бол шууд олон түмний өмнө гарч ноцтой асуудлаар мэдээлэл хийдэг. Гэхдээ шүгэл үлээж байгаа хүн нэгдүгээрт, өс хонзонгийн сэдэл агуулаагүй байх ёстой. Хоёрдугаарт, ямар нэг төлбөр харамжгүйгээр мэдээлэл дамжуулдаг.  Мөн хамгийн гол шинж нь шүгэл үлээгч бол нийтийн ашиг сонирхлын төлөө нийгмийн сайн сайхан, аюулгүй байдлын эсрэг үйлдлийн  талаар мэдээллийг олон нийтэд ил тод гаргаж ирдэг. Тиймээс шүгэл үлээгчдийн аюулгүй байдлыг хамгаалж, бас урамшуулдаг жишиг дэлхийн улс орнуудад бий.  

1972 онд АНУ-ын иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ральф Нейдер шүгэл үлээгч гэдэг нэр томъёог гаргаж ирж, энэ нь нууц мэдээлэгч, матаач зэрэг сөрөг утгатай нэршлээс ялгаатай гэсэн санааг илэрхийлжээ. Түүний тайлбарласнаар, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын эсрэг хүчтэй дуугарч, асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж байгаа хүнийг шүгэл үлээгч гэх утгаар хэрэглэж эхэлсэн байна.

Эндээс харахад шүгэлдэгчид бол төр засгийн эрх мэдэлтнүүдийн бузар булайг ил гаргаж нийгэмд сануулга, дохио өгдөг бол матаачид эгэл жирийн иргэдээ тагнаж, тандаж хов зөөж, хошуу худалддаг гэсэн үг. Авлига, нүүрс, замын хөдөлгөөний зөрчил гэх мэтийг төрийн байгууллагууд, хууль хяналтынхан өөрсдөө илрүүлж, шийдэх ёстой. Төр матаасаар ажлаа явуулж хэрхэвч болохгүй. Матаас хэтэрвэл хэлмэгдүүлэлт бий болно. Хүн хүндээ итгэх итгэл алдарч, хариугаа авах, дургүй нэгнээ намнах, өш хонзонгийн эцэс төгсгөлгүй тойрог үүснэ. Товчхон хэлэхэд 1937 он эргэж ирнэ.   

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. зөв санаа байна дэмжиж байна чг голыг олоод хэлсэн байга

    0 0 Хариу бичих
  2. Авилгачдын төлбөрт бичвэр үү.матах хэрэгтэй бид авилгачдаас салах хэрэгтэй.тэгж байж хөгжнө.

    0 0 Хариу бичих
  3. Bugdeeree heregten boloh yum bn. Iim l uls oron shuu Dee.

    0 0 Хариу бичих
  4. Хууль зөрчвөл мэдээлэх нь зөв хамт хэрэг хийчихээд матах нь буруу

    0 0 Хариу бичих
  5. Эхэнд авсан хэдэн жишээг чинь гүтгэлэг гэдэг юм. Тусгай ялтай. Нөгөөх нь шантаажчин. Харин жинхэнэ авилгачдыг зохих байгууллагад мэдэгдсэн хүн, хууль дүрэм зөрчигчийн зургийг авч мэдээлсэн хүн яахаараа матаасчин болдог юм? Чам шиг малаас болоод л бид малын хашаанд амьдарч байгаа юм шиг амьдралтай болоод байна

    3 0 Хариу бичих
  6. Сонин юм хуцаад бай. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Мөрөөрөө зөвөөр амьдар

    2 0 Хариу бичих