Шахмал түлшний талаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2018 оны хоёрдугаар сарын 28-нд гарсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд тулгарч буй бэрхшээлийг холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Нийслэлийн ИТХ-аас ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Сонсголыг тухайн өдрийн 10.00 цагаас нийслэлийн Иргэний танхимд эхлүүлэхээр тогтсон байна.

УИХ-ын 2017 оны 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журам”-д Ерөнхий хяналтын сонсголд ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг оролцуулахаар тусгасан байдаг. Ингэхдээ сонсголд оролцох хүсэлтэй бүх талын этгээдүүд зохион байгуулагчдад хүсэлт ирүүлэх, бүртгүүлэх харилцааг нарийвчлан тусгаж өгсөн байна. Иймд Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Ажлын албанд хандан бүртгүүлэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)