Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага FATF-аас саарал жагсаалт буюу хяналтад байх орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан тухай мэдээлэв.
Уг жагсаалтад Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэжээ. Харин Этиоф, Шри Ланка,Тунис улсууд эрсдэлтэй жагсаалтаас хасагдсан байна.
Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэжээ.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад дараах дөрвөн зөвлөмжийг өгчээ.Үүнд:
1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх.
2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх.
3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх.
4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах зэрэг багтжээ.
Монгол Улс “сааралт жагсаалт”-д орохгүйн тулд FATF-аас тавьдаг техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан тухай Төв банкнаас мэдээлж байсан юм.