Хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчны талаар зорилтот хэлэлцүүлэг боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд хууль эрхзүйн орчны нөлөө” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, "Эрүүгийн багц хуулийн талаарх мэдээлэл", “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлага бий юу” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл нар тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Гүтгэх үйлдлийг Зөрчлийн тухай хуулиас авч Эрүүгийн багц хуулийн төсөлд оруулсан нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө гэдэг байр суурийг хэвлэл мэдээллийн салбарынхан илэрхийлж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Эрүүгийн багц хуульд гүтгэх заалтыг яагаад оруулсан болон ингэснээр ямар үр дагавар гарах талаар, мөн гүтгэх гэдэг заалтад улс  төрд нөлөө бүхий этгээдиг хамааруулахгүй гэдэг тайлбар оруулж байгаа  талаар танилцуулсан. Харин "Глоб интернэшнл" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүний эрхийн комиссоос Монгол Улсад 164 зүйл зөвлөмж өгсний дотор гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиасаа хасах асуудал байсан. Энэ дагуу уг заалт Эрүүгийн хуулиас хасагдаж Зөрчлийн хуулиар зохицуулагдах болсон. Одоо эргээд Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулах юм бол үүгээрээ Монгол Улс дэлхийд анхдагч болно гэдгийг онцолж  байв. 

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу гэдэг сэдвийн хүрээнд мөн  Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 1998 онд батлагдсан уг  хуулийг 21 жилийн дараа шинэчлэх гэж байгаа үндэслэл, шалтгаан, хуулийн гол зохицуулалт, зарчим зэргийг тэрээр танилцуулсан. Онцлоход уг хуулийн төсөл бэлэн болоогүй байгаа бөгөөд ХЗДХЯ-нд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад байгаа бөгөөд ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбараас "Глоб интернэшнл" байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Монголын хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Гүнжидмаа, "Монцамэ" агентлагийн орлогч захирал Ш.Батболд нар багтсан аж.

Шинээр боловсруулах хуулийн төсөлд 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн бүх зарчмыг хэвээр хадгалах бөгөөд тэдгээрийг нэмж баяжуулж, нарийвчилсан зохицуулалтууд хийх юм байна. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөөний суурь зарчмуудыг баримталж, гол зохицуулалтыг товч бөгөөд тодорхой томъёолсон одоогийн хуулийг хэт дэлгэрүүлэн нарийвчлахдаа шаардлагагүй заалтууд нэлээд оруулсан, мөн зарим талаар хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хараат бус байдлыг нь алдагдуулсан зохицуулалт хийхээр төлөвлөж байгааг сэтгүүлчид шүүмжилсэн юм. Тухайлбал, сэтгүүлч зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээллийн эх сурвалжаа хэлэх ёстой гэдэг зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах гэж байгааг сэтгүүл зүйн судлаачид үгүйсгэж дэлхийн хаана ч эрэн сурвалжлах сэтгүүлчид ямар ч тохиолдолд эх сурвалжаа илчилдэггүй зарчимтай гэдгийг онцолсон. Мөн хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг заавал хуульчлах гэсэн оролдлого, залруулга хийх үйл явцыг нарийчлан зааж өгсөн зохицуулалт зэрэг нэлээд асуудлуудад сэтгүүлчид шүүмжлэлтэй хандав. Гэхдээ Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл бэлэн болоогүй, дээрх зохицуулалтууд бол ажлын хэсэг дээр боловсруулагдаж буй хувилбар, санаа юм гэдгийг ХЗДХЯ-ны эх сурвалж хэлж байв. Тиймээс уг хуулийн төслийг боловсруулах явцад хэвлэл мэдээллий салбарынхнаас саналыг нь нээлттэй авах юм байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)