УИХ-н чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав.  Уг хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зургаадугаар сард хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн байдаг.

Хуулийн төслийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар "Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэний санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ  нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа  бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Энэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орно. Энэ нь өмгөөлөгч болох ур чадвар, хандлага зэргийг нь шалгах шалгалт. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгоно. Ингэснээр төрөөс хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэнэ" гэсэн юм.