Америкийн эвслийнхэн ухарсныхаа дараа Сирид үлдээсэн өөрсдийн зэр зэвсгийн агуулахаа бөмбөгдөн устгасан хэмээн эвслийн төлөөлөгч хурандаа Майлс Кэггинс твиттерээр мэдээлжээ.

"Аравдугаар сарын 16-нд  цэргийн бие бүрэлдэхүүн, техник гарч явсны дараа эвслийн F-15  хоёр онгоц Лафаржийн цементийн үйлдвэрийг бөмбөгдлөө. Үүнийг тэнд байсан  зэвсгийн агуулахыг устгах, байгууламжийг цэргийн зорилгоор ашиглахаас сэргийлэх үүднээс гүйцэтгэсэн” хэмээн бичжээ.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган аравдугаар сарын 9-нд Курдын Ажилчны  нам ба Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагааг Сирийн хойд нутагт эхлүүлсэн юм. Туркийн нисэх онгоцнууд хоёр орны хилийн Рас эль-Айн зэрэг хотыг бөмбөгдөж, хуурай замын цэрэг Сирийн нутагт нэвтэрсэн. Бямба гарагт Туркийн арми ба Сирийн зэвсэгт сөрөг хүчин Рас эль-Айн хотыг хяналтдаа авсныг зарлажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Америкийн цэргийнхэн байлдааны бүсээс гарсан гэдгийг батлан хэлсэн байв.