Хүйтэн дайны үеэс үлдсэн Америкийн цөмийн зэвсэг НАТО-гийн гишүүн Туркт байгааг бараг мартаад байсан юм.

Туркийн арми Сирид явуулж байгаа цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд хохирч байгааг олон улсын зүгээс хүчтэй шүүмжилсний хариуд хариуд Эрдоган хилээ нээж, Европ руу сая сая цагаачдийг илгээнэ гэсэн юм. Энэ зуур The New York Times сонин Америкийн цөмийн зэвсгийн 50 нэгж Эрдоганд барьцаалагдаад байгаа тухай дуулиантай нийтлэл гаргажээ.

Сонинд "Амралтын өдрүүдэд Төрийн департамент, АНУ-ын Эрчим хүчний яамны тушаалтнууд чимээ шуугиангүйгээр Туркийн Инжирлик баазад америкчуудын хяналтад байгаа тактикийн 50 цөмийн цэнэгийг  зөөх төлөвлөгөөг ярилцсан" хэмээн өгүүлжээ.

Турк нь хүйтэн дайны үеэр Европын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн эсрэг  тавигдсан АНУ-ын цөмийн зэвсгийг нутагтаа авсан Европын хэд хэдэн холбоотны нэг нь юм. Хамгийн сонирхолтой нь Сирийн дайны эхний жилүүдэд Инжирлик нисэх баазад  Америкийн тагнуулчид, цэргийн мэргэжилтнүүд  турк цэргийнхэнтэй нэгдэн Ассадын дэглэмийн эсрэг  ажиллагааг явуулах цэрэгжсэн бүлгийнхнийг дэмжиж байв. "Нэгэн өндөр тушаалтаны хэлснээр,  цөмийн зэвсэг Эрдоганд барьцаалагдаад байгаа аж. Түүнийг Инжирлик баазаас зөөх нь Америк-Туркийн хамтын ажиллагааны төгсгөл болно. Тэнд байлгаад байх нь олон жилийн өмнө устах ёстой байсан цөмийн эрсдлийг мөнхийн болгоно гэсэн үг юм” хэмээн The New York Times сонин бичжээ.

Сониныхны олж авсан НАТО-гийн  илтгэлээр бол Европын янз бүрийн баазуудад 150 орчим Америкийн цөмийн цэнэг байгаа гэнэ. Сирийн хойд хэсгийн Кобани хотод байрласан  Америкийн тусгай хүчнийхэн Туркийн их бууны галд өртсөний  дараа “Америкийн цөмийн зэвсэг байрласан орон Америкийн цэргийнхнийг буудсан анхны анхны тохиолдол энэ боллоо” хэмээн Center for Nonproliferation Studies  төвийн Жеффри Льюис хэлсэн байв. Өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Э.Т. Эрдоган ээлжит удаагаа Брюссельд заналхийлсэн. “Европын холбоо сэрж үз! Та нар манай ажиллагааг довтолгоо гэж үзвэл бид хилээ нээж  3.6 сая дүрвэгчийг илгээнэ” хэмэн тэр өгүүлжээ. Энэ мэдэгдэлээс үүдэн Европын холбоо Туркт  зэр зэвсэг нийлүүлэхэд хориг тавихгүй гэж шийдсэн байгаа. Эрдоган одоо Америкийн 50 ширхэг цөмийн цэнэгтэй юм чинь Европыг төдийгүй Америкийг дарамталж чадна гэж барууны зарим шинжээчид үзэж байна.