“Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ" гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд тараад байсан. Тус аймгийн Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, уг мэдээллийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулга: “Энэхүү мэдээлэл нь ташаа бөгөөд "Шинэчлэлийн хөдөлгөөн" гэх хэсэг залуус улс төрийн зорилгоор сошиалд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Тиймээс ч анхан, дунд аль ч шатандаа бид өнөөдрийг хүртэл Үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл “Шинэчлэлийн хөдөлгөөн” гэх хэсэг залуус гүтгэлгийн шинж чанартай, хуурамч мэдээллийг сошиалд түгээж байна. 2012 оноос хойш МАН-тай үгсэн хуйвалдаж, намын хорооны шийдвэрүүдийг удаа дараа зөрчсөний улмаас шийтгэл ногдуулсан хүмүүс “Шинэчлэлийн хөдөлгөөн”-д байгаа” гэлээ.