Барселоны салан тусгаарлагчид, хууль сахиулагчдын хооронд лхагваас пүрэв гаригт шилжих шөнө мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүсжээ. Үймээн дэгдээгчид хотын төв гудамжуудыг эзэгнэн, зогсоол дээр тавьсан машинуудыг шатааж, нэгдүгээр давхрын үйлчилгээний байгууллагын эд зүйлсийг сүйтгэж байгаа аж.
Испанийн шүүх 2017 онд Барселонад явагдсан тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Каталоны 12 улс төрчид ял оноосны дараа Барселон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн бөгөөд гурав дахь хоногтоо үргэлжилж байгаа юм.
Лхагва гариг. Босогчид Е-15 автозамын хаав. Гэрэл зураг: ВВС
Цагдаагийн байгууллага мягмар гаригийн шөнө болсон эмх замбараагүй байдалтай холбоотойгоор 51 хүнийг баривчилсан нь байдлыг намжаахаас илүү улам хурцатгаж, өнгөрсөн шөнийн үймээнд хүргэсэн болохыг орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм. Каталоны засаг захиргаа иргэдээ асуудалд тайван хандахыг уриалж байгаа ч үр дүн гарахгүй байсаар нөхцөл байдал улам дордлоо.
Эсэргүүцэгчдийн үйлдэл улам бүр зэрлэг балмад болж байна.
Иргэд даваа гаригт “Эль Прат” нисэх буудлыг бүслэн хааж, нислэгүүдийг хойшлуулсан бол мягмар гаригт хотын төв гудамжуудыг эзэгнэн эмх замбараагүй байдал үүсгэсэн. Цагдаа нар энэ шөнө 51 хүнийг баривчлан хорьсон бол лхагва гаригт Испани, Их Британийг холбодог Европын автозамын сүлжээнд багтдаг Е15 төв замыг хаажээ.
Эсэргүүцэгчид цагдаа нарын эсрэг “Молотовын коктейль” ашиглаж байгаа бөгөөд гэмтэж бэртсэн хүн байгаа гэж Цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсаар буй. Гэхдээ хохирсон хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм.
Эсэргүүцлийн хөдөлгөөн Барселона хотооос эхэлсэн бол өдгөө Каталоны Жирона, Ллейда, Таррагон зэрэг бусад мужид халдварлаад байгаа юм.