Энэ сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Нийслэлээс санал болгосон энэ ажлыг Засгийн газар дэмжиж Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа 200-гаад мянган айл өрхөд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй авч өгөхөөр болжээ. Үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулах тооцоог ч гаргаж. Арваннэгдүгээр сарыг нэгэн гэхэд угаар мэдрэгч бага оврын төхөөрөмжүүдээ оруулж ирэн айл өрхүүдэд суурилуулж дууссан байх аж. Угаар мэдрэгчийн талаар олон нийтэд хүрсэн мэдээлэл ийм. Харин уг угаар мэдрэгч төхөөрөмжийг ямар улсаас, ямар компани, фирмийн бүтээгдэхүүн авах, нэг бүр нь ямар үнэтэй байх вэ гэдгээс эхлээд олон асуулт хариулт нэхэж буй. Угаар мэдрэгчийг зүгээр өгөх шийдвэрийн цаана нуугдаж буй эдгээр асуулт, эргэлзээнүүдийг олон нийтэд ойлгомжтой болгох үүднээс багцалж тоймлох гээд үзье.

Хямд үнээс чанар нэхэх үү?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат угаар мэдрэгчийн үнэ ханшийн талаар сэтгүүлчдийн асуултад “Үнийн дүнг нь хэлчихвэл та нар хэний шахаа вэ гээд унадаг” гэсэн тайлбар хэлж хариулахаас татгалзсан юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ талаар “Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг сонгоно” хэмээн ярьжээ.

Засгийн газар 196 мянган айл өрхөд зургаан тэрбум төгрөгөөр угаар мэдрэгч авна гэж тооцсоноос үзэхэд шууд арифметик үйлдлээр бодоход нэг угаар мэдрэгч төхөөрөмжийн үнэ 30 мянга 600 төгрөг болж байна. Энэ үнэ үүнээс ч буурах магадлалтай. Учир нь тухайн төхөөрөмжүүдийн тээврийн зардал сэлтийг дээрх зургаан тэрбумаас гаргана гэж тооцвол төхөөрөмж нэг бүрийн үнэ улам багасна л гэсэн үг. Тэгвэл 30 мянган төгрөгөөр ямар хүчин чадал, үзүүлэлттэй угаар мэдрэгч авч болох вэ?

Amazon.com, Safety.com, TheArchitectsGuide.com зэрэг сайтаас гаргасан хамгийн сайн угаар мэдрэгчийн жагсаалтад “Kidde”, “First Alert” зэрэг компанийн бүтээгдэхүүн 20-иос дээш ам.долларын үнэтэй, зарим нь 200-300 ам долларын үнэтэй байгаа ажээ. БНХАУ-ын “Ningbo Sentek Electronics”, “ANKA Sci-Tech”, “Henan Chicheng Electronics”, “Shenzhen Heiman Technology” зэрэг хий мэдрэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүн Alibaba-д дөрвөөс дээш ам.долларын үнэтэй байна.

Эндээс харахад зургаан тэрбум төгрөгт багтаан гэр хорооллын бүх өрхөд угаар мэдрэгч төхөөрөмж авъя гэвэл нэг бүрийн үнэ нь 30 мянган төгрөг буюу 11 ам.доллар орчим болох нь. Зах зээл дээрх хамгийн хямд төхөөрөмжийг авна гэсэн үг. Хямд төхөөрөмжөөс чанар нэхэх бас хэцүү л юм.

Монгол эрдэмтдийнхээ бүтээлд итгэх үү?

Угаар мэдрэгч төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа гэдгийг монгол эрдэмтэд мэдэгдсэн. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байгаа ажээ. Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх аж. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой гэнэ. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх ажээ. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байгаа юм.

Айл бүрт нэг биш хоёрыг өгөх шаардлагатай юу?

Ийм санал гаргах хүмүүс байна. Яагаад гэвэл ганц угаар мэдрэгчийг гэр хорооллын амины орон сууцанд байрлуулахад хангалтгүй гэж үзэж байгаа аж. Энэ нь бас үндэслэлтэй. Гэр хорооллын ихэнх айл өрхүүдийн амины орон сууц ханан пийшингээр хуваагдсан 2-3 өрөө байдаг. Ийм сууцнуудын аль нэг өрөөнд л угаар мэдрэгч тавиад түүндээ 100 хувь найдна гэвэл өрөөсгөл юм. Тухайлбал, гал тогооны өрөөндөө зуух, пийшингийнхээ ам хүхээ хавьцаа угаар мэдрэгчээ байрлуулчихсан бол унтлагын өрөөнүүдийнхээ угаарыг хэрхэн хэмжих вэ. Эсрэгээрээ унтлагын өрөөний агаарыг хэмжээнд гал тогоогоо орхигдуулбал юу болох вэ. Энэ мэт эрсдэлийг тооцох аваас нэг айл өрхөд хоёр угаар мэдрэгч хэрэг болох магадлал өндөр.

Арваннэгдүгээр сарын нэгнээс өмнө амжих уу?

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын мэдэгдсэнээр бол ирэх арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд Улаанбаатарт байгаа гэр хорооллын бүх айл өрх угаар мэдрэгт бага оврын төхөөрөмж гэртээ суурилуулчихсан байх нь. Хоёр долоо хоногийн дотор энэ ажлыг амжуулж чадах болов уу?

Статистик мэдээллээ бол нийслэлд 200 гаруй мянган гэр хорооллын айл өрх бий гэдэг. Тэдгээрийн судалгааг нарийвчилж гаргахаас ажил эхлэх учиртай. Төвлөрсөн халаалт хэрэглэж байгаа, цахилгаанаар халааж байгаа айл өрхүүд бий. Тэдгээр өрхийн судалгааг гаргаж нягтлах ёстой. Тэгж байж яг  пийшин, зуух галладаг айл өрхийн тоо гарна Үүний дараа ямар төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Ингээд төхөөрөмж авах хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ. Шат шатандаа энэ ажлууд хэр шуурхай хийгдсэнээс шалтгаалж угаар мэдрэгч удаж ирэх эсэх нь шалтгаална. Одоогоор энэ ажил ямар шатандаа яваа нь тодорхойгүй. Цаг хугацаа бол маш богино байгаа.

Заавал угаар шүүгч тавих хэрэгтэй юү?

Олон эргэлзээ, таамаг, болгоомжлолын дунд ийм асуулт бас гарч байна. Угаар шүүгч тавихад ийм их хөрөнгө зарцуулаад үр дүн нь хэр байхыг тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Тиймээс угаар шүүгч худалдан авахаасаа өмнө айл өрхүүд өөрсдийн хэрэглээний хандлагаа өөрчилж, галлагааны горим, технологио сайжруулах ёстой гэнэ. Учир нь сайжруулсан шахмал  түлш өндөр стандарттай зууханд илүү тохиромжтой. Шаталтын явцад нүүрсхүчлийн хий буюу угаар гаргахгүй байхын тулд  пийшин, зуухаа бүрэн бүтэн байлгах, яндангийн хавхлагыг хаахгүй байх, түлшээ хэт их хийхгүй байх гэх мэт олон горимыг сайтар баримтлах хэрэгтэй аж. Ингэж хэвшээгүй айл өрхөд шууд мэдрэгч тавиад үр дүнгүй. Пийшин, зуухны битүүмжлэл, зөв галлагаа, мөн агааржуулалтын системийг зөв горимоор шийдэх зэрэг нь нэн тэргүүний асуудал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Товчхондоо бол утаа саагасан зуухтай хэвээрээ айл шахмал түлш хэрэглэх юм бол маш эрсдэлтэй. Ийм айлд угаар мэдрэгч тавих нь бүр эрсдэлтэй.

Танин мэдэхүйгн шинжтэй мэдээллийг хүргэхэд угаар мэдрэгч төхөөрөмжийг "UL 2034", "NFPA 720", "BS standarts" зэрэг стандартын дагуу шалгадаг юм байна. Агаар дахь угаарын хийн хэмжээ хэдэн PPM буюу саяд агуулагдах хэмжээ нь ямар байхаас шалтгаалж дохиолол дуугарах хугацаа өөр байдаг аж. Жишээ нь агаар дахь угаар 50 PPM хэмжээтэй гурван цаг болоход дохиолол дуугарч эхэлдэг бол 400 PPM орчинд найман минутын дараа л дуугардаг байна. Учир нь хүн агаар дахь угаарын хийн хэмжээ 50 PPM орчинд наймаас дээш цаг байвал хорддог юм байна. Тиймээс АНУ, Канад тэргүүтэй зарим оронд хий мэдрэгчийг гэртээ заавал суулгах ёстой хэмээн хуульчилсан нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан зөв шийдэл ажээ.

Хэдий тийм боловч Улаанбаатарын хувьд шахмал түлштэй зэрэгцүүлэн цахилгаан халаалтыг хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжих, орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх зэрэг дунд, урт хугацааны бодлогууд маш чухал. Гэр хорооллын бүх өрхөд угаар шүүгч авч өгөхийн оронд уг төсвөө хоёр дахин нэмээд нэг жилд  гэр хорооллын айл өрхүүдийн 30 хувьд нь цахилгаан халаагуур авч өгөх юм бол гурван жилийн дотор агаарын бохирдол 50 байтугай хувиар буурах боломж ч бий.