Энэ он дуусаж, шинэ он эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлджээ. Тиймээс Монгол Улс ирэх онд хэчнээн төгрөг олж, хэдийг заруулахаа төлөвлөж, Улсын төсвийн төслөө хэлэлцэж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэж өөдрөг харууцтай баталсан “Энэ оны төлөвлөгөө биелэх хугацаа үлдсэн үү” гэсэн асуулт урган гарна. Тэр дундаа Улсын төвсийн гуравны нэгийг бүрдүүлэх уул уурхайн салбарын гүйцэтгэл төлөвлөгөөндөө хүрэх эсэх талаар сонирхъё.

42 сая тоннын зорилт биелэх үү?

Монгол Улс 2019 онд төсвөө 3.2 их наядаар тэлж, “дансандаа” 9.6 их наяд төгрөгийн орлого оруулахаар болсон. Үүний гуравны нэг буюу гурван их наядыг уул уурхайн салбараас олно. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас олох орлогоо 2019 онд 1.3 их наяд төгрөгөөр нэмсэн хэрэг. Ингэхдээ 42 сая тонн нүүрс урд хөрш руу борлуулж, 1.3 их наяд төгрөг олохоор тооцсон. БНХАУ- ын жилийн нүүрсний хэрэглээ 300 сая тонн. Үүний 63 сая орчим сая тонн нь коксжих нүүрс байдаг. Харин энэхүү 63 сая тонн коксжих нүүрсний 36.5 сая тонныг 2018 онд Монгол Улс нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 50 гаруй хувийг нь. Ингээд харахаар 42 сая тонн нүүрс нийлүүлэх нь тухайн улсын коксжих нүүрсний хэрэглээний 60 гаруй хувьд хүрч байгаа юм. Энэ бол 37.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэрнээ борлуулах ганцхан гарцтай Монгол Улсын зорих л зүйл

АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтсүх

Монгол Улсад 42 сая тонн нүүрс олборлоод, борлуулах нөөц, хүчин чадал хангалттай бий. Мөн БНХАУ нүүрсний импортоо тасралтгүй үргэлжлүүлбэл, он гарахад дээрх төлөвлөгөөнд хүрэх боломж ч байгаа. Гэвч оны эцэс дөхөхөөр БНХАУ нүүрсний худалдан авах хэрэгцээ нь ханаад импортоо бууруулдаг. Тэгэхээр 42 сая тонн гэсэн зорилт хэрхэх нь асуултын тэмдэг болж байна. Монгол Улс зөвхөн коксжих нүүрс гэлтгүй БНХАУ-ын хүрэн нүүрсний жилийн хэрэглээ 230 орчим сая тоннд тодорхой хувь эзлэх боломжтой. Гол асуудал нь тээвэрлэлт, өртөг л болоод байна.

Одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдэгт анхаарлаа хандуулъя.

Монгол Улсын экспортын хэмжээ эхний найман сард 5.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 4.4 тэрбум ам.доллар нь эрдэс баялагийн экспортын орлого. Энэ дундаа нүүрсний экспорт тухайн хугацаанд 25.4 сая тоннд хүрчээ.

Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 500 гаруй мянган тонноор нэмэгдэж, дээрх хэмжээнд хүрчээ. Ингэснээр нэг их наяд орчим төгрөг Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлаас харахад экспортод гарах нүүрсний хэмжээ Улсын төсөвт тусгасан зорилтод хүрэхгүй байх нөхцөл байдал үүсээд буй. Ингэснээр төсвийн орлого сох дутаж, санхүүжүүлэхээр төлөвлөсөн ажлууд гацах эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм.

Асуудал:

Одоогийн борлуулсан нүүрсний хэмжээг харахад Монгол Улсын экспортод гаргах нүүрсний хэмжээ Улсын төсөвт тусгасан 42 сая тонн гэсэн төлөвлөгөөнд арай хүрэхгүй байх. Гэхдээ оны төгсгөлд 39 сая тоннд хүрэх болов уу гэсэн таамаг байгаа.

Шийдэл:

Монгол Улс өнгөрсөн онд 35.6 сая тонн нүүрс экспортолсон. 2019 онд нэлээд өөдрөгөөр төлөвлөсөн байгаа. Энэ бол маш эрсдэлтэй тооцоолол. Цаг хугацааны хувьд боломжгүй зүйл. Гэхдээ төсөвт суулгасан татварын орлогоо бүрдүүлж болно. Мэдээж хэмжээ хатуу тогтсон учраас 70 ам.доллароор зарж байгаа нүүрсээ татаад, 200 ам.доллароор буюу баяжуулсан нүүрсээ илүү зарвал татварын орлого бүрдэх боломж байгаа.

42 сая тоннд дахин зорино!

Ирэх оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж дуусжээ. Ингэхдээ 2020 оны төсвийг 1.8 их наядаар данхайлгаж, мөн л 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан байна. Борлуулах нүүрсний үнийг ч энэ оныхтой ижил түвшинд 75.9 ам.доллар гэж тооцжээ. Зэсийн хувьд ч ялгаагүй хэмжээ, ханшийг энэ жилийнхтэй ижил байхаар тусгав. Тэгвэл ирэх онд алт, төмрийн хүдрийн ханш өсөлттэй байх прогнозтой хэдий ч Монгол Улс төсөвтөө худалдан авч, борлуулах алтны хэмжээг хоёр тонноор бууруулж, 18 тонн болгожээ. Базаад харвал Монгол Улс мөн л 2020 онд уул уурхайн салбараас энэ оныхтой дүйх хэмжээний орлого олохоор төлөвлөжээ. Энэ жил уурхайн салбарын гурван их наядыг бүрэн төвлөрүүлэхгүй ч 2020 онд эдгээр зорилт бүрэн биелэх боломжтой гэж Сангийн сайд тайлбарласан. Сайд энэ жилийн уул уурхайн салбарын зорилт биелэхгүй шалтгаанд гааль, боомтын шинэчлэлийн төсвийг 2019 оны төсвөөс хасаж, ажлыг эхлүүлээгүйг дурдаж байв. Энэ дагуу Улсын төсөв, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, БНХАУ-ын тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулгийн боомтын шинэчлэлийг эхлүүлжээ. Ингэснээр тус боомтуудын зам талбай 2-8 дахин нэмэгдэх аж. Тэрээр “Улсын баялаг БНХАУ руу зургаан боомт дамжин гардаг. Эдгээр боомтоор гарч байгаа ашигт малтмалаа бүрэн хянаж чаддаг болохоор ажиллаж байна. Ер нь гарч байгаа баялгийнхаа чанарт нийцсэн татвар ногдуулахын тулд олон улсын стандартад нийцсэн гаалийн лабораторийг ий болгож, тээврийн хэрэгсэл болгоноос дээж авдаг тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа” гэсэн юм.