Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг төрөх эмэгтэйчүүд нярай хүүхдүүддээ эрүүл мэндийн үйлчилгээг стандартын дагуу үзүүлж чадах 50 ортой төрөх эмнэлэгтэй боллоо.
Тус аймагт аль 2011 онд л төрөх эмнэлэг баригдахаар шийдэгдэж ажил эхэлсэн боловч чанар стандарт хангахгүй барилгын ажил хийгдсэнээр бүтээн байгуулалт царцаж 7 жилийн нүүр үзжээ. 2018 онд Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудалтай танилцаж дахин шинэ барилгын ажлын эхлүүлэх, 2019, 2020 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгах шийдвэр гаргаснаар “Баярсконстракшн” компани Чингис хаан банкны зээлийн санхүүжилтээр жил гаруй хугацаанд энэ барилгыг барьжээ. Барилгын ажил дуусч улсын комист хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.Баярмаа хэлэхдээ, Дорноговь аймгийн 25000 гаруй эмэгтэйчүүд болон төрөх тасгийнханд энэ барилга ямар чухал бүтээн байгуулалт болохыг онцолж байлаа.
Уг эмнэлэг ашиглалтанд орсноор төрөхийн өмнөх эхчүүдийн амрах, эмчлүүлэх, хагалгааны болон хагалгааны дараах сэрээх, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болж эмнэлгийн иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлж чадахаар болох юм. Барилгын гүйцэтгэгч “Баярсконстракшн” компани Улаанбаатар хотод цэргийн төв эмнэлгийн гурван корпусыг барьж байгуулсан туршлагатай ажээ.
