“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар хотноо энэ сарын 14-20-нд 11 дэх жилдээ “Улаанбаатар” Олон Улсын кино наадам үргэлжилж байна. Уг наадмыг нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн Газар, Монголын Урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой зохион байгуулж байгаа аж.

Улаанбаатар олон улсын кино наадмын "Монгол кино" хөтөлбөрийн шилдэг гурван киноны нэгээр найруулагч Ж.Сэнгэдоржийн "Би Нар" кино шалгарчээ. Уг кино энэ сарын 16-нд 20.00 цагаас "Тэнгис" кино театрт гарна.

Өнөөдөр Улаанбаатар олон улсын XI дэх кино наадам "Ер бусын ертөнц" киногоор нээлтээ хийнэ. Дархадын хотгороор 90-ээд онд аялаж явсан Франц сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэсэн Монгол бөөгийн тухай уг кино 2019 оны Венецийн кино наадмын Venice Days - Giornate deli Autori хэсэгт сонгогдож дэлхийн нээлтээ хийсэн бол Улаанбаатар олон улсын XI кино наадам Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest -д Монгол дах нээлтээ хийх гэж байна. Франц, Бельги, Монголын 60 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, Францын найруулагч Фабиен Бэртод Fabienne Berthaud найруулжээ.Киноны гол дүрүүдэд дэлхийн 50 топ эмэгтэй кино жүжигчдийн 1 гэгддэг Бельгийн жүжигчин Cécile de France болон Монголын кино урлагийн од Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар тоглосон бол Монгол талын гүйцэтгэх продюсерээр "Guru Media" продюсер Ц.Ариунаа ажилласан байна.

Энэ жил үзэгчдэд хүрэх зарим киног танилцуулъя.

Систем сүйтгэгч

Найруулагч Нора Фингшайдын анхны найруулсан бүтээл болох "Систем сүйтгэгч" нь сэтгэл зүй, оюун санааны нарийн судалгааг өвөрмөц мэдрэг, бодитой үзүүлсэн сэтгэл хөдөлгөм кино юм. Уг кино нь 2019 оны Берлины ОУКН-ын Альфред Бауэрын Шагнал-мөнгөн баавгай хүртсэн, тус наадмын уралдаант хэсэгт "Алтан Баавгай" тэргүүн шагналд өрсөлдсөн. 92 дахь Академийн шагнал- Оскарт гадаадын шилдэг кино төрөлд Герман улсаас нэр дэвшиж байгаа. 2018 оны Ле Арк Кино Наадмын “Өрнөж буй Бүтээл” шагнал хүртсэн.

Үйл явдлын товч: Бенни охин балчир боловч хэцүү аюултай. Тэр хаана ч орсон ямагт хөөгддөг. 9 настай, хагас зэрлэг энэ охиныг хүүхдийн халамжийнхан “систем сүйтгэгч” гэж нэрлэх боловч охинд өөрчлөгдье гэсэн хүсэл огтхон ч байхгүй. Бяцхан Бенни ганцхан хүсэлтэй тэр бол гэртээ харьж ээжтэйгээ л байх. Түүний ээж Бианка хүртэл охиноосоо айна. Хүүхдийн халамжийн төвийн Хатагтай Бафани охиныг байнгын хаягтай болгохыг их хичээнэ. Тэрээр уурыг нь барьж сургах гэж тусгай багш Мишаг хөлслөн охиныг сургуульд нь байх хугацаанд хамт байлгахаар болно. Хонгилын үзүүрт найдварын оч үсэрнэ. Бусад хүмүүс тусалж чадаагүй зүйлийг Миша чадах болов уу?

Шимэгч 

Бун Жун У 31 насандаа “Хуцдаг нохой хүн урдаггүй” (Barking Dogs Never Bite, 2000) нэрт бараан комеди төрлийн киногоор найруулагчийн анхны гараагаа эхэлж байсан бол ижил төрөл жанрын “Parasite” киногоор 19 жилийн дараа найруулагчийн замналын оргилдоо хүрч буй нь сонин тохиолдол. “The Parasite” кино нь каннын дээд шагнал Алтан дал мод авсан бүтээлүүдээс одоогоор олон улсын зах зээлд хамгийн их ашиг олоод буй бүтээлээр тодроод байна. Кино урлагийн үнэ цэнэ, үзэгчдийн таашаалд хүрэх эрэлттэй чанарын аль алийг нь эл “Шимэгч” өөртөө агуулсан бололтой.

Рокетмэн

"Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн уг кино 2019 оны тавдугаар сард нээлтээ хийсэн юм. Rotten Tomatoes дээрээс 89%-ийн үнэлгээ авсан. Дэлхийн алдарт уран бүтээлч Элтон Жоны амьдралыг харуулах тус киноны гол дүрийг Тэрон Эгертон бүтээсэн юм. Дуу хөгжимд дуртай хүн бүр энэ киног сонирхон үзээрэй. 

Цав цагаан өдөр

Каннын ОУКН-ын Луис Родерер Сангийн Залуу Од Шагналт, Шүүмжлэгчдийн Долоо Хоногийн Тэргүүн Байрт нэр дэвшсэн уг бүтээл Исландын кино урлагийн орчин цагийн нэгэн шинэ төлөөлөл юм. 

Товч танилцуулга: Исландын нэгэн арал дээр амьдардаг хуучин цагдаагийн ажилтан Ингимундур эхнэрээ машины ослоос болж алдана. Хүнд хэцүү бүхэн ард хоцорч хараахан амжаагүй байтал тэр эхнэрээ өөр хүнтэй байсан байж магадгүй гэх бодолд автах бөгөөд тэр нь цааш үргэлжилсээр аюултай, учир нь олдохгүй үйл явдлууд өрнөх болно.

Энэ сарын 18-нд "Улаанбаатар" кино форумын хоёр дах өдөр "Кино дууссаны хойно" кино түгээх маркетинг стратегийн тухай хэлэлцүүлгийг 14.00 цагаас "Тэнгис" кино театрт болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)