Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 416 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох есөн санааг хуваалцъя.
Санаа 1: Төсвийн тэлэлт бодитой юу?
Дэлхий дахинд өрнөж буй технологи, худалдааны маргаантай уялдуулж, хөгжингүй орнууд мөнгөний зөөлөн бодлого баримталж, төсвөө танаж байхад Монгол Улс эсрэгээр нь тэрийтэл нь өсгөсөөр байна…
...Зардал, алдагдлаа дагаад өссөн төсвийн орлого 11.8 их наяд төгрөгөө Монгол Улс бүрдүүлж чадах уу гэдэг ч мөн дотоодын үйлдвэрлэл, татварын орлого хийгээд, гадаад нөхцөл байдал талаасаа асуудал дагуулна. Энэ хэмжээний орлого олохоор дотоодын эдийн засгаа усалсан уу?
Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
“Улсын мөнгө уйлдаггүй...” нийтлэлээс...
Санаа 2: Аврал эрж буй Аварга Тосон
...Харамсалтай нь энэ хэвээрээ байх юм бол Аварга Тосон нуурт 30 жилийн дараа хүн орох аргагүй болно. Харин 50 жилийн дараа жаахан устай шалбааг л үлдэнэ. 50 жил гэдэг урт хугацаа биш. Өнөөдөр л нуураа хайрлаж, хамгаалж, хямгадаж тордохгүй бол маргааш энд алдарт Аварга Тосон нуур байсан юм гэсэн дурсамжаа тэврээд, хатаж хагарсан хоосон сайран дээр харуусал тээн зогсч байж мэдэх бодит аюул нүүрлэжээ.
Тоймч Г.Сонинбаяр
“Ширгэж буй Монгол” нийтлэлээс...
Санаа 3: Хичээл зүтгэл гаргаагүй хүнээс "тэнэг зориг" гардаг
Хориотой тээвэр хийдэг дипломатуудаас болж гаднын орны хил дээр монголчууд хэрхэн шүүслүүлж байгааг өгүүлэх юун. Эх орны нэр хүндийг шороотой хутгасан энэ нөхдүүд яагаад төрийн өндөр албанд эргэж шургаад байна вэ? Яагаад тэд улс орон, хувь хүний нэр төрөө ч умартана вэ?
Ийм зан чанар архаг гэмт хэрэгтнүүдэд л бий. Улайрсан гэмт хэрэгтэн өөрийн үнэт чанараа ч уландаа гишгэдгийг сэтгэлзүйчид ч нотолдог. Гэтэл карьер, нэр төр нь юу юунаас илүү хэрэгтэй цагаан захтнууд яагаад ийм улаан цайм үйлдэл хийнэ вэ? Хариулт нь тодорхой. Төдий хэмжээний карьерт хүрэхийн тулд төдий хэмжээний хичээл зүтгэл гаргаагүй хүнээс л ийм тэнэг зориг гарна.
Тоймч Я.Баяраа
“Цүнх баригчийн түгээмэл шинж” нийтлэлээс...
Санаа 4: Эмч бэлтгэх тогтолцоон дахь эргэлзээ...
“Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч Д.Сэргэлэн:
...Яг одоогоор Монгол Улсад 12 их сургууль их эмч бэлтгэж байна. Энэ дундаас ямар эмч бэлтгэгдэж байгааг хэлэхэд үнэхээр хэцүү. Өмнө нь огт эмч бэлтгэж байгаагүй сургуулиуд хүртэл бизнес хийн эмч мэргэжлээр оюутнуудыг сургаж байна.
...Зөвхөн мөнгөний төлөө залуусын эмч болох хүсэл эрмэлзэл дээр нь дөрөөлөн мэргэжлийн ур чадвар муутай боловсон хүчин бэлдэж байна. Үүнд эмч хүнийхээ зүгээс шүүмжлэлтэй ханддаг.
Нийтлэлч Г.Дашдулам
“Дурангийн мэс засал аюулгүй, чанартай, хүндрэлгүй зэрэг давуу талтай” тодруулгаас...
Санаа 5: Сүйрлээр далайлгасан популизм
Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгч асан Вацлав Клаусын тавьсан илтгэлийг саяхан олж уншлаа. Тэрээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлийн асуудлыг үзэл суртлын сөргөлдөөн болгож буй хэсэг бүлэг хүний тухай бичжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөр сүрдүүлдэг тэдгээр идэвхтнүүд дэлхийн сүйрэл, болзошгүй гамшгийн тухай номлосноороо эргэлзээ, шүүмжлэлт сэтгэлгээ, эрүүл ухаан, бодит баримтад итгэдэг жирийн хүмүүсийн эсрэг радикаль, популист, шинжлэх ухаанаар нотлогдоогүй, нэг талыг барьсан мэдээллээр бөмбөгдөж байгааг анхааруулсан байна. Бодит баримтыг эрэлхийл! Эргэлзэж байгаа бол өөр эх сурвалж хай! Магадгүй бодит байдалд хавьгүй дөхөх үзэл бодлууд нь зохион байгуулалттай дуулиан, шуугианд нам дарагдаад байна уу гэдгийг л сануулж...
Олон улсын тоймч Г.Ганбаяр
“Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгохуй” нийтлэлээс...
Санаа 6: Нармай Курдистан VS Эрдоганы санаархал
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сириэс цэргээ гаргасныхаа дараа “Курдуудэд цохилт өгвөл эдийн засгийг нь сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн. Гэвч дараа нь дээр дурдсан “Ар нуруунд хутга шаасан” асуудал яригдахад “Курдууд өөрсдийн газар нутагтай болохын тулд тэмцэж байгааг ойлгож байна. Гэхдээ Дэлхийн II дайны үед курдууд бидэнд туслаагүй шүү дээ. Нормандад буухад ч туслаагүй” гэж хэлснээрээ Трамп Курдыг Туркт хаяж өгснөө харуулсан. Энэ нь бас нэг санаа зовоосон асуудлыг бий болгож байна.
Турк улс, тодруулбал Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Чидун жимсний модны мөчир” гэж нэрлэсэн ижил төстэй ажиллагааг ноднин жил Сирийн нутагт явуулсан. Ингэхдээ дотооддоо улс төрийн дайснуудаа баривчлах ажлыг өргөн далайцтай явуулсан юм. Чухам тийм учраас л энэ удаагийн ажиллагааг шинжээчид “Өөр дээрээ гал дуудсан хэрэг” гэж дүгнэж байгаа юм.
Олон улсын тоймч Х.Батсайхан
“Р.Т Эрдоганы эхлүүлсэн дайны эрсдэлүүд” нийтлэлээс...
Санаа 7: Постмодерн театрын туршилтууд амжилтанд хүрч чадав уу?
Манай театр судлалд постмодернист театрын мөн чанар юунд оршиж байгаа, тэрхүү шинэ театр гэж чухам юуг илэрхийлээд байгаа тухай асуултад хариу өгсөн зүйл одоогоор ховор. Гол шалтгаан нь Монголын театрт постмодернист чиглэлийн үндэс суурь болсон постфилософи, уран сайхны гоо зүйн кодыг тайлж мэдээгүй, ойлгож ухаараагүй байгаатай холбоотой.
...Өнөөгийн театрт зохиолыг ягштал баримтлан цээжлэн жүжиглэх нь чухал биш. Урьд өмнөх үеийн зохиолчдын бүтээлүүдэд дүр, дүрүүдийн хоорондын зөрчил байдаг байсан бол орчин үеийн зохиолчдын бүтээлд тийм дүрүүд, зөрчлүүд байхгүй. Өнөөдөр жүжгийн зохиолын бүрэн эхийг баримтлах шаардлагагүй, түүний сэдвийг ашиглахад л хангалттай байна гэсэн үг.
Театр судлаач Д.Батсайхан
“Монголын театр шинэ хил хязгаарыг давах эрэлд” шүүмжээс...
Санаа 8: Худалдааны дайны сүүдэр спортод тусаж эхлэв
Спорт улс төрөөс ангид гэж ярьдаг. Гэхдээ энэ үнэхээр үнэн гэж үү. Түүх сөхвөл, спорт улс төрөөс ангид биш, харин ч ашиг хонжоо олох, шахалт үзүүлэх хэрэгсэл, тэр ч байтугай дайны шалтаг болж ирсэн байх юм. Олимпийн наадам, хөлбөмбөг, крикетийн ДАШТ нь спортын тэмцээн гэхээсээ илүү дипломат утга илэрхийлдэг болсоор удлаа.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь, дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хүчирхэг лиг болох Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, БНХАУ-ын хоорондын зөрчилдөөн болоод байна.
Олон улсын тоймч Х.Батсайхан
“Спорт улс төрөөс ангид гэж үү?” нийтлэлээс...
Санаа 9: Монголд хэн хурдан баяжиж байна вэ?
Хар пиар хийх. Сэтгүүлч нөхдөө томхон компаний цэвэрлэгчээс бага цалин авдаг гэж шогширч байхаар хар пиар хийж хүнрүү дайр. Магтаж сайшаасан юм бичүүл хэзээ ч эзэддээ гүйцэд таалагдахгүй бөгөөд хариугүй мөнгө өгөхлөө хэл амтай өгдөг. Харин хэн нэгнийг сэгсийтэл хусуул маш их мөнгө бариал орж ирдэг гэнэ... За надаар хэлүүлтгүй ямар сэтгүүлчид хамгийн баян байгааг харж байгаа биздээ... Юу дутадын бээ алалцаад бай. Энэ аргыг сонговол шударга үнэний манлай баатар гэсэн сайхан нэр зүүнэ. Магтаж бичвэл хөлсний бичээч гэсэн хариугүй алдар зүүнэ шүү дээ.
Нийтлэлч Гаамп
“Яаж хурдан баяжих вэ?” фельетоноос...