Байнгын хороо, чуулганы хуралдаанаа хамгийн их тасалдаг гишүүн бол Б.Наранхүү. Тэрээр хуралд суухаасаа суухгүй нь их. Түүний харьяалагддаг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр АН-ын зөвлөлд хандан Б.Наранхүү гишүүнийг дэд хорооноос хасаж өөр гишүүнийг оруулж өгөхийг хүсэж байсан юм. Тэрээр "Б.Наранхүү гэдэг хүн өөрөө чуулганы хуралдаандаа огт ирдэггүй. Ийм хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулж болох уу. АН-ын зөвлөл энэ хүнээ анхаарч сольж өгөөч. Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой" гэсэн юм. Түүний хүсэлтийг хүлээн авсан АН-ын зөвлөлийн саналыг өчигдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэлээ. Толруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа. Харин түүний оронд Б.Пүрэвдорж гишүүнийг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа. Өргөдлийн байнгын хороо нь бусад Байнгын хороотой харьцуулахад цөөхөн хуралддаг учраас Б.Наранхүү гишүүнийг энэ Байнгын хороонд оруулах нь зүйтэй гэж үзсэн бололтой.
Мөн эрх баригч МАН УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүд орууллаа. Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг гишүүдийг дэд хорооны гишүүнээр давхар ажиллуулах нь зохимжгүй гэж үзжээ.