“Харанга”-ын 30 жилийн түүхийг тольдоорой

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ сард тохиож байгаа. Тэр ч утгаараа “Харанга” хамтлагийнхан үзэгч, фенүүддээ зориулан “Замд гарья” тоглолтоо энэ сарын 19-нд Буянт-Ухаа цогцолборт ганцхан удаа хийхээр товоо зарласан. Тэгвэл өнөөдөр “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн "Сэнгэраги арт галлерей"-д нээлтээ хийлээ. Энэ бол Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаярын санаачилсан “Харанга” хамтлагийн ойн баярт зориулсан үзэсгэлэн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр үзэсгэлэнг нээн “Хоёр жилийн өмнө зураачид урлагийн уран бүтээлчдийг зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж байсан. Зураачид бол маш хөгжимлөг хүмүүс. Байнга л хөгжим сонсдог. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дотор “Харанга”-ын уран бүтээлчдийг зурсан зураг их байсан учраас энэхүү үзэсгэлэнг гаргахаар анх ярилцсан. Өнөөдөр “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд Монголын дүрслэх урлаг, гэрэл зургийн уран бүтээлчид найз нар, анд нөхдөдөө өөрсдийнхөө уран бүтээлээр бэлэг барьж байгаа өвөрмөц үзэсгэлэн ийнхүү нээгдэж байна. Өмнө нь хамтлагийн уран бүтээлийн үзэсгэлэн гарч байсныг та бүхэн сонсоогүй байх. Би өдий 50 гаран наслахдаа үзээгүй. Энд залуу хамтлаг дуучид “Харанга” хамтлагийн дууг коверлон хүргэнэ. Тоглолттой, “Харанга”-ын 30 жилийн хугацаанд тоглолт, клипэндээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл зэрэг эд өлгийн зүйлс тавигдсан гайхалтай үзэсгэлэн. Энэ бол “Харанга”-ын музейн эхлэл гэж хэлж болохоор үзэсгэлэн. Магадгүй “Харанга” 40, 50 жил уран бүтээлээ үргэлжлүүлэн тэдний музей гэж гарах байх. Өнөөдөр үзэсгэлэнгийн нээлтэд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ,  рок поп хөгжим болон хөгжмийн урлагийн ноён оргил болсон нэрт уран бүтээлчид цугласан байна.

Төрийн хошой шагнал, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Харанга” хамтлагийнхан бол  анхдагчид гэж хэлж болно. Тэд бол рок хөгжийн том зохиолчид. Монголын нийгэмд эрх чөлөөний тухай мэдрэмж, өөрсдийн дуу хоолойг хүргэх мэдрэмж гээд энэ бүх мэдрэмж Харанга”-аар дамжиж 1990-ээд оны шинэчлэл бий болсон гэж боддог. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчид бол миний л бичсэнийг тоглох учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин эд нар өөрсдийнхөө хүссэнийг зохиогоод илэрхийлээд гаргаж байгаа учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн хүмүүс. Тиймээс эд нарыг монголчуудын эрх чөлөөний дуудлага гэж үзэж болно.

Хэрвээ рок хөгжим дээд зиндаанаас ядуучуудыг хүртэл бүх давхаргыг хамардаг бол үнэн чанартай европын рок хөгжмийг английн хэдэн залуучууд толгойлсон бол зүүн хойд Азид рок хөгжмийг толгойлсон нь /би бараг зөв хэлж байгаа байх/ Монгол Улсын  Харанга хамтлаг байгаа юм. Тиймээс Зүүн Хойд Азийн рок хөгжмийн ХХ зууны сонгодог уран бүтээлчид бол “Харанга”-ынхан. XXI зууны үед монголын рок хөгжмийн сонгодог дэг жаягийг дараагийн үедээ үлдээж байгаа сонгодог дэгийн эзэд нь юм. Энэ утгаараа манай зураачид бол хөгжимчид. Зураг бол зөвхөн харагдаж эгшиглэдэг зүйл. Хөгжим бол сонсогдож харагддаг зүйл. Нэг л юм. Зураачид энэ товгор, тов хамтлагийн цаана уран бүтээл хийсэн нь их сайшаалтай. Монгол Улсын анхны хөгжмийн салбарын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав уран бүтээлчдийн хөргийг хамгийн анх удаа зурсан нь “Харанга”-ын Лхагвааг зурсан шүү дээ. Энэ чинь өөрөө том хөгжмийн салбарт рок ямар үнэ цэнтэй байгааг Лувсаншарав гуайн тэр уран бүтээл харуулж болно. Тэр бүтээл гэрт нь байгаа. Бид өнөөдөр “Харанга” хамтлагийнхны өмсөж байсан хувцсыг харна. Лхагваагийн л өмсөж байсан хувцас байна шүү дээ гээд тоохгүй өнгөрч мэднэ. Гэтэл та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө попын хаан Жексоны өмсөж байсан нэг нөмрөг нь хэдэн зуун сая ам.долларын үнэд хүрсэн. Оюун шингэсэн аливаа эд зүйл оюун нь үнэтэй бол эд нь өөрөө асар үнэтэй болдог гэдгийг тэндээс тодорхойлж болно. 50, 100 жилийн дараа эд нарын өмсөж байгаа өнөөдрийн бидний тоохгүй байгаа энэ хувцас асар их үнэтэй байж болно. Нөгөө талаар нийгэм шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл бий. Х.Лхагвасүрэн, Ц.Энхманлай нар машин барьсан ч ресторанд орсон ч концерт үзсэн ч дандаа хар савхин хувцас өмсөөд байх юм гэдэг. Эд нар зөвхөн тайзан дээр өөрсдийнхөө урсгалыг хүргэдэг дамжуулагчид биш өөрсдөө нийгмээ тэр стилиэрээ хөтөлж явдаг учраас амьдрах, идэх уух, өмсөж зүүх энэ бүхэн өөр рокийн том ертөнц байдаг. Тэр ертөнцөө монголын нийгэмд “Харанга”-ынхан маш сайн барьж байгаа. Харанга”-ынхандаа амжилт хүсье” гэв.

Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хоёрдугаар давхарт байрлах "Сэнгэраги арт галлерей"-д хүрэлцэн ирж, “Харанга” хамтлагийнхныг зурсан зураач уран бүтээлчдийн уран зургуудаас гадна тэдний тоглож байсан хөгжмийн зэмсэг, клип, концертдоо өмсөж байсан хувцас зэрэг эд өлгийн зүйлс, гэрэл зургууд зэрэг сонирхолтой олон үзмэрүүдийг үзэж сонирхож болно. Мөн "MonGift" брэндийн залуус “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулж хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээ зөвхөн энэ өдрүүдээр цөөн тоогоор худалдаалагдах нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эд нар одоо өөрсдийгөө юу гээд бодцым бэ? Монголын Роллинг Стоунс энэ тэр юмуу хаашаа юм. Чука, Энхманлай хоёр л домог. Лхагва 90-ээд оны эхний хагаст сайн байснаа, тэгээд угаасаа ямар ч боловсролгүй болохоороо тэнэгтээд биеээ тоогоод од гэж өөрийгөө бодоод доошоо ороод явчихсан, сүүлдээ сэтгэцийн эмгэг өвчтөн гэдэг нь тодорхой болсон, тэр нь жил ирэх тутам улам л хурцын хэлбэрээ олоод байгаа. Дуулдаг нь улам бүр хошногоноос гарч байгаа хийтэй адил гонгинохоос цаашгүй болсон. За тэр бөмбөрчин бас нөгөө нь Одхэн билээ, тэр хоёр бол зүгээр л дайварт нь яваа гарууд

    0 0 Хариу бичих