Монгол Улсын засгийн газраас Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж газар дээр нь Чингис хааны музей барих шийдвэрийг энэ оны долдугаар сард гаргасан билээ. Улмаар Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг шинээр барих талаар яригдаж, энэ асуудлыг тойрсон эсэргүүцэл, хэл ам тасраагүй байна. “Чоно борооноор” гэгчээр, түүхэн дурсгалт барилгыг нэр дээрээ авсан ТББ барилгыг нурааж олон давхар оффисын барилга бариад доод давхарт нь түүхэн дурсгалт байшингаа байлгана” гэж яриад явж байна. Асуудал ингэтлээ хүндэрсний цаад шалтгаан нь газар дээр нь өөр зориулалтаар барилга барьчих вий гэсэн болгоомжлолоос болж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм. Бидэнд энэ байдлаас гарч, ажлаа урагшуулах гарц байгаа юу гэвэл байгаа.

Засгийн газар 2012 онд хуучирсан барилга байгууламжуудыг буулгаж, газрыг нь дуудлага худалдаагаар оруулах шийдвэрийг гаргаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, одоогийн Засгийн газрын хийж байгаа ажил шинэ юм биш. Тэр үед СТО нураагдах шахаад алсын хараатай хуулийнхаа хүчээр үлдэж байсан түүхтэй.

Тухайн үед яам агентлагуудын мэдэлд байгаа зарим барилгуудыг дуудлага худалдаанд оруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 2 тоот захирамжид Спортын төв ордон багтсан юм. Гэвч тэр үед яг одоо Байгалийн түүхийн музейг аврах хөдөлгөөн өрнөж байгаа шиг Спортын төв ордноо аврах хөдөлгөөн өрнөж, спортын үе, үеийн төлөөллүүд Ерөнхий сайдтай уулзсаны эцэст шийдвэрийг түдгэлзүүлсэн байдаг. Тэмцэх шалтгаан нь Засгийн газар СТО-ы оронд шинэ ордон барихгүй, харин олон давхар барилга барьж, нэг буланд нь спортынхныг хоргодуулах гэж байснаас болсон юм. Ерөнхий сайд спортынхонтой уулзахдаа “Спортын ордныг дуудлага худалдаанд оруулах Засгийн газрын шийдвэр гараагүй, судалгаа хийж байна” гэсэн ч “Дуудлага худалдаагаар зарсан нөхцөлд худалдаагаар орж ирсэн хөрөнгийг Спортын шинэ ордон барих хүртлэх хугацаанд тамирчдын бэлтгэлд зарцуулах, мөн шинэ барилгад одоо байгаа талбайн хэмжээний зай талбай гаргана гэсэн нөхцөл тавих учиртай” гэсэн нь олон хүний дургуйцлийг төрүүлсэн юм.

Спортынхны энэ тэмцэлд хууль эрхзүйн үндэслэл хангалттай байсан. Биеийн тамир спортын тухай хуулийн 21.2-т “Бүх шатны боловсролын байгууллагын барилгыг биеийн тамир, спортын байгууламжгүй барих, ашиглалтад хүлээн авах, төрийн өмчлөлд байгаа биеийн тамир, спортын байгууламжийг адил байгууламж барихгүйгээр буулгахыг хориглоно” гэсэн заалт бий. Энэ заалтыг баримталбал “Шинэ барилгад одоо байгаа СТО-ны талбайн хэмжээний зай талбай гаргах” тухай асуудал байхгүй болох нь тов тодорхой харагдана. Хуулийн энэ заалт “СТО-ны суурин дээр илүү олон давхар, илүү том СТО л баригдах ёстой, хэн нэгний хувийн эзэмшлийн барилга баригдаж, тэр дотор нь спортынхон толгой хоргодох ёсгүй” гэдгийг яв цав хэлчихсэн байдаг. Биеийн тамир спортын хуулийг боловсруулсан хүмүүст зөвхөн энэ заалтыг оруулж чадсаных нь төлөө талархаад ч баршгүй.

Энэ бүхнийг нуршсаны учир нь, Засгийн газар дээр дурдсан барилгуудыг буулгахдаа оронд нь ижил зориулалтаар ашиглах барилга барина гэж байгаа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэрэгжих гэж байсан “Дуудлага худалдаагаар зарж, байшин өндөрлөх” шийдлээс дэвшилттэй болжээ. Гагцхүү баталгаа хэрэгтэй. Оронд нь баригдах барилгыг орчин үеийн технолгиор, гэхдээ дизайны хувьд өмнөхтэй яг ижил загвараар, илүү томыг барина, зориулалтаар нь 100 хувь ашиглана гэдэг баталгаа хэрэгтэй. Албан тушаалтны аман баталгаа биш, УИХ-аас баталсан хуулийн баталгаа.

Тодорхой хэлбэл, Соёлын тухай хуульд барилга байгууламжийг шинээр барих, ашиглах талаар тодорхой тусгаж өгөх явдал.

Хоёрдугаарт, 2012 оноос яригдсан СТО-ыг шинэчилж барих асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой. Илүү том, багтаамж сайтай ордон барьж, зориулалтаар нь ашиглах шаардлагатай байна.