Нобелийн шагналтныг тодруулах хороо өнөөдөр хуваарь ёсоор уран зохиолын салбарын шагналтныг нэрлэлээ. Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь уран зохиолын 2018 ба 2019 оны хоёр шагналтан шууд тодорхой болгосон явдал юм.

Энэ шагналын олгодог Шведийн академи өнгөрсөн оны тавдугаар сард гишүүдийнх нь тоо цөөрсөн учир ялагчийг зарлахаа хойшлуулсан юм. Академийн гишүүн, яруу найрагч Катарина Фростенсоны нөхөр бөгөөд  соёлын нэртэй зүтгэлтэн Жан-Клод Арно олон тооны эмэгтэйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлсэн, мөн Нобелийн шагналтнуудын нэрийг зарлан тараасан хэргээр  мөрдөн байцаалтад дуудагдсан дуулиан академийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хорооны 18 гишүүний 8 нь  гишүүнчлэлээсээ татгалзсан юм. Цөөн тооны гишүүдийн саналаар шагналтан тодруулах нь академийн нэр хүнд унасан нөхцөлд болж бүтэхгүй зүйл гэж Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлсэн байлаа.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард академи Нобелийн сантай хамтран Уран зохиолын  шинэ хороо байгуулахаар болсноо зарласан билээ. Шинэ хороо энэ жилийн  хоёрдугаар сарын 1-нээс ажилдаа орсон юм.

Ингээд дуулиантай оны, дуулианы дараах оны шилдэг “идеалист” бүтээлтэй Польшийн яруу найрагч Ольга Токарчук (2018), Австрийн  зохиолч Петер Хандке  (2019) нар Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ.

Уран зохиолын Нобель: Милошевичийг бишрэгч

Шагналтнуудын нэг нь Австрийн үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, 76 настай Петер Хандке (Peter Handke). Нэр алдар түүнд 1960-аад оны дундуур уран бүтээл, утга зохиолыг тойрсон дуулианы буянаар иржээ. Хандкегийн “Олон нийтийн доромжлол” гэх шуугиантай жүжгийн нэрийг санахад л хангалттай. Зохиолч нарын “47-гийн бүлэг”-ийн гишүүнийхээ хувьд  нэгэн уулзалт дээр нь тэр, хэл амтай урт үгээ хэлээд бүлгийнхнээ “бичлэгийн чалх сулралтай” гэж хочилсон нь дуулианаар төгссөн юм. Санаатайгаар дөвчигнөсөнд учир явдал нь байгаагүй. Шүүмжлэгч шинжээчид “утга зохиолын өдөөн хатгагчийн” авъяасыг тэр цагт өндрөөр үнэлж байлаа. “Олон нийтийн доромжлол” жүжгээс гадна “Мэргэ таавар”, Өөрийн хэл аманд орооцолдсон нь” гэх мэтийн жүжгүүдэд  тасалбар олох нь хүндхэн хэрэг болж байлаа.

Сүүлийн жилүүдэд Петер Хандкегийн нэр нь уран зохиолтойгоо биш улс төртэй ихээхэн хутгалдах болсон нь нууц биш. Сербитэй холбоотой сөргөлдөөнд тэр тэр тухайн  цагтаа Слободан Милошевичийг  үг дуугүй дэмжсэн юм. Тэрбээр барууны орнуудыг “”зальтнууд” гэж нэрлэн, шоронд Милошевичийг эргэн очиж, оршуулга дээр нь сэтгэлийн үгээ хэлж байлаа. Ястнуудын хоморголон цэвэрлэлтэд тэр итгээгүй, дэглэмийн гэмт хэргийг тэр олж хараагүй. Бүх зүйлд тэр НАТО-г буруутгаж ирсэн юм. Ромын католик шашнаас тэр дуу шуугиантайгаар гарч, үнэн алдартны шашинд загалмайлагджээ...

Петер Хандке 1942 онд Австрийн Гриффен хотод төржээ. Хандке орчин цагийн хамгийн алдартай немец хэлт зохиолчдын нэг  юм. 1966 оноос хойш тэрбээр жүжиг, роман, кино зохиол, сонгодог зохиолчдын орчуулга оролцсон 100 гаруй ном бичжээ. “Арван нэгэн метрийн цохилтын өмнөх хаалгачдын айдас” тууж (1970), “Гэртээ удаанаар эргэн ирсэн нь”(1979), Сент Виктуар уулын сургааль” (1980) зэргийн олон ном нь гадаадын олон хэлэнд хөрвүүлэгдсэн байгаа.

Украин гаралтай Нобелийн шагналтан

Хоёр дахь нь тодруулбал нэг дэх шинэ Нобельтон нь эх орондоо төдийгүй гадаадад өөрийн романуудаар алдартай Польш зохиолч, яруу найрагч Ольга Токарчук болов. Тэрбээр 2018 онд “Нисэлт” романаараа Олон улсын Букерын шагнал авсан нь бас түүнийг Польшдоо энэ шагналын анхдагч  болгожээ.

Нобелийн шинэ шагналтны нэрэнд гайхах  зүйлгүй. Түүнийг украин эмээгийнх нь нэрээр Ольга хэмээн нэрлэжээ. Ольга Токарчукын өвөө нь польш. Тэд Тернополийн хязгаарынхан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэр бүл нь бутран Ольга Токарчук Польшид төржээ.

"Правек ба өөр цаг үе", "Үрэгдэгчдийн ясан дээгүүр анжисаа явуул”,  “Өдрийн байр, шөнийн байр”, ”Нисэлт” зэргийн зохиолууд нь их алдартай.

Букерын шагналын ном нь замын тэмдэглэлийн хэсгүүд, эссе, тууль гэх мэтийг санаатайгаар нийлүүлсэн юм шиг, гэнэтийн бөгөөд өвөрмөц роман... "Би маш жижигхэн... Хэсэг зуур харалгүй үлдээжээ, огт хамгаалалтгүй... Маш жижигхэн... Цонхны  тавцан дээр суугаад хөрсөн хашаагаа харна... Гэрээс гармаар, гэтэл хаашаа” гэсэн  өөрийн хүүрнэлээр нь роман эхэлнэ. Цааш нь  хүүрнэл үргэлжлэн дүрлүүлэн хэлэхэд хүн гэрээс гарч, дарагдашгүй дотоод гуниг, дотоод догдлол нь түүнийг галт тэрэг, онгоцонд суулган, замын хөршүүд, өнгөрөгч хүмүүсийг  харж явахад хүргэнэ.

Тэр нь буйр сэлгэх нүүдэл биш, өөрийгөө, орчноо танин мэдэхэд хөтлөж буй.

Ольга Токарчук 1962 онд Польшийн баруун хэсгийн  Сулехув хотод төржээ.  Оюутан цагтаа  Варшавын их сургуульд сэтгэл зүй судлав. Дараа нь Лондон хотноо буудлын үйлчлэгч, эх орондоо Вроцлав, Валбжиха хотод мэдрэлийн эмчээр ажиллаж байлаа.  Анхны зохиолууд нь нэртэй болонгуут тэр уран зохиолд өөрийгөө нэг мөр зориулжээ. Токарчук 17 ном бичсэн ба анхны ном нь 1989 онд хэвлэгдсэн шүлгийн түүвэр байлаа. Сүүлийн жилүүдэд уран зохиолын  нэр хүндтэй олон шагнал авчээ.

Зохиолч өөрийгөө феменист гэж нэрлэдэг ба Польшид ижил хүйстнүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө тэмцдэг. Одоо тэр гэр бүлийнхээ намтрын роман дээр ажиллаж байна. Хүүрнэлийн гол шугам нь польш, украин хүмүүсийн харьцаа болох гэнэ.