Соёл урлагийн байгууллагууд өнөөдөр “Соёлын шинэчлэлийг дэмжье” уриатай хэвлэлийн хурал зарлан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн соёлын салбарт хийх хөрөнгө оруулалтыг зогсоох мэдэгдэлтэй холбогдуулан Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын Драмын эрдмийн театр, Монголын Үндэсний номын сангийн удирдлага, уран бүтээлчид байр сууриа илэрхийллээ. Тэд БСШУС-ын сайдын зүгээс аравдугаар сарын 8-нд хийсэн мэдэгдлээ эргэн харахыг хүслээ.
Салбарын сайд гаргасан мэдэгдлээ эргэн харж барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс: Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг таслан зогсоож, соёл урлагийн шинэчлэлийг хийх цаг болсон. 1970 оноос өмнөх эдгээр барилгуудыг газар хөдлөлтийн аюулгүй байдал, тэсвэрийн тооцоололгүйгээр хийгдсэн.
Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу: Манай театр 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид төр засаг ард түмэндээ хэзээ ч гомдол хэлж байгаагүй. Соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш. Монгол Улсад орчин цагийн урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Улсын төв театрыг 1931 онд үүсгэн байгуулж байсан. Энэ үйл явдлыг Монголын ард түмэнд гарсан оюуны хувьсгал гэж үздэг. Ер гаруй жил түмэн олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрлээ. Театрын барилга маань маш товчоор хэлбэл гурван өрөө байранд гурван айл байгаатай ижил байгаа. Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр гурвуулаа нэг байранд хамт байгаа. Дундаа нэг гал тогоотой учраас зарим нь өглөө, зарим нь өдөр, зарим нь шөнө ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн турш төр засгаас тоож дэмжилгүй хаясан энэ салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч эхэлсэнд бид маш их баярласан. Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн салбарын цалинг 8-30 хувь нэмэгдүүлж, олсон орлогоо 100 хувь байгууллага ажилтныхаа нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхийг олгосон. Үүгээр ч зогсохгүй барилгын ажлыг нь өргөтгөх томсгох хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Бид дэлхийн улс орнуудаас техник тоног төхөөрөмж, барилга байшингаараа асар хол хоцорсон. Дэлхий нийт орчин үеийн техникээр бүрэн тоноглогдсон байхад бид гар ажиллагаатай хоцрогдсон төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж буйгаасаа ичиж байсан. Гэвч яг шинэчлэлт засварлалтын ажил эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс зориудаар харлуулан муутгаж энэхүү ажлыг зогсоох гэж байгаад маш их харамсаж байна. Манай барилгын чанар маш их муудаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон.
“Сүүлийн 70 жилийн турш их засвар, өргөтгөлийн ажил огт хийгдээгүй учраас ослын байдалтай болоод байгаа”
Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: Улсын драмын эрдмийн театр 1960 оноос, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 1953, Үндэсний номын сан 1950 оноос хойш одоогийн энэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Гурвуулаа модон карказтай хийгдсэн. Сүүлийн 70 жилийн турш их засвар, өргөтгөлийн ажил огт хийгдээгүй учраас ослын байдалтай болоод байгаа. Үүнийг нь мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа тогтоосон. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон байна. Үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгуудад соёлын хосгүй өв хийгээд хүмүүс байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилга дээр ирж танилцаад эдгээр барилгыг үнэхээр шинэчлэх цаг болсон байна . Хоёрын хооронд засвар хийсэн болоод яах вэ нэг мөсөн өргөтгөөд шинээр томсгоод бариад өгье гэсэн. Барилгын зөвхөн урсгал засвар буюу нэг барилгын дээврийг засахад 400 сая төгрөг, хүчитгэлийн ажлын зургийг гаргахад л 680 сая төгрөг шаардлагатай байгаа. Мэргэжлийн хүмүүс нь үг дуугараагүй байхад мэргэжлийн бус хүмүүс байгууллагууд соёлын өвийг устгах гэж байна гэж хэдэн талаас нь шүүмжилсээр байгаад засварын ажлыг зогсоох хэмжээнд хүрчихсэнд маш их харамсаж байна. Манай барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас нэн даруй шинэчлэх засварлах цаг болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн манай гурван барилга дээр ирж, газар дээрээс нь сурвалжлаач ээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсээс үнэн бодит мэдээллийг аваасай. Үндэсний номын санд Монголын ард түмний бий болгосон өв соёл тусгаар тогтнол нь байгаа. Тэрхүү соёл түүхийн тусгаар тогтнол маань ямар хүнд хэцүү нөхцөлд байгааг бид хангалттай харуулсан. Үндэсний номын сангийн барилга цахилгааны ил монтажтай. Гал гарах өндөр эрсдэлтэй. Бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд ажилтнууд маань усны гутал өмсөөд шалны алчуураа бариад шалбаагаа арчаад л ажилладаг. Энэ соёлын өвөө хамгаалах аврах цаг болсон. Амь нь хэзээ мөдгүй тасрах гээд байна. Соёлын өвд халдаж байна гэдэг иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас барилгын шинэчлэлийн ажил зогссон нь бидэнд хүчтэй цохилт боллоо. Энэ ажлыг үргэлжлүүлнэ гэж итгэж байна.
Драмын театрын барилгыг ослын түвшинд хүрсэн учраас барилгыг шинэчлэх ажил зогсох ёсгүй
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Бид нэг жарны турш яригдсан асуудал анх удаа шийгдэх нь гэж баяртай байсан. Би сүүлийн 60 жил драмын театрын барилгын шинэчлэлт өөрчлөлтийн талаар сонсож байна. 1960 онд намайг тэнд ажиллахаар ирэхэд л нэг театрын барилгад гурван өөр байгууллага байгаа нь хүрэлцэхгүй байна хэмээн үе үеийн мундгууд маань холбогдох удирдлагууддаа хэлж, гомдоллодог байсан. Бүтэн нэг жарны турш яригдаж хийгдээгүй ажил яг хэрэгжих мөч болоход хүмүүс шүүмжилсээр байгаад зогсоож байгаад харамсаад барахгүй байна. Драмын театрын барилгыг ослын түвшинд хүрсэн гэдгийг Монголын төдийгүй Германы мэргэжлийн байгууллага тогтоосон юм шүү дээ. Манай театрын байранд зун жүжиг үзэхэд дээрээс нь борооны дусаал гоождог. Тэр барилгын модон карказ нь илжрээд бүх тоосго нь хөгцөрч хагарч үйрсэн хэзээ мөдгүй нураад ирэхэд бэлэн байна гэдгийг тогтоочихсон. Ийм барилга дотор ажиллаж байгаа, энэ театр дотор тоглож байгаа жүжигчдийн амь үнэгүй юм гэж үү. Энэ барилгыг будаад торгоогоод байх ямар ч боломжгүй гэдгийг та бүхэн ойлгоод өгөөч. Энэ театрын барилгыг нураагаад хаячихгүй. Яг энэ загвараар нь томоор шинээр барих гэж байгаа юм шүү дээ. Манайд ирж тоглож байгаа гадаадынхан “Чааваас даа зайлуул” гэж өрөвдөж л тоглодог. Энэ барилгыг шинэчлэх ажил зогсох ёсгүй. Боловсролын сайд шийдвэрээ эргэн харах ёстой. Энэ барилгыг эх төрхөөр нь сэргээн босгоно. Би энэ төлөвлөлт хэрэгжинэ гэж найдаж байна.
Соёл урлагийн дөрвөн барилга соёлын өвд бүртгэлгүй
Соёлын өвийн төвийн захирал Н.Энхбат: Аливаа биет эд өлгийн зүйлсийг соёлын өвд хамаатуулахын тулд үзлэг тооллогыг хийдэг. Энэ үзлэгийг 2015 онд Монгол Улс анх удаа хийсэн. Энэ үзлэгээрээ өвд хамааруулж болох анхан шатны бүртгэлийг хийсэн. Уг бүртгэлд өнөөдөр яригдаж байгаа дөрвөн барилга орж бүртгэгдсэн байдаг. Өв болох гэж байгаа эд өлгийн зүйлсийг тусгай мэргэжлийн шинжээчид, баг ажиллаж байж соёлын өвд хамаатуулдаг. Өв болсны дараа тухайн дурсгалыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх зүйн хамгаалалтад авч, эрх зүйн харилцаанд ордог. Өнөөдрийн байдлаар эдгээр дөрвөн барилга улс, аймаг, нийслэл, дүүргийн аль ч эрх зүйн хамгаалалтад ороогүй. Тиймээс соёлын өвд бүртгэлгүй. Өвд орж болох анхан шатны үзлэгт бүртгэгдсэн. Энэ нь манай соёлын өвийн санд үзлэгийн бүртгэлээрээ байдаг.
Монгол Улсын зөвлөх инженер З.Биндэрьяа: Дээрх барилгуудад он удаан жил засвар хийгээгүйгээс асар их илжирч муудсан. Стандарт шаардлагыг хангах зүйл огт үлдээгүй. Бельэтаж нь ердөө 200 кг даахуйц чанартай, даацын хана илжирч муудсан, тоосгонууд бутарч хагарч үйрсэн байдалтай байгаа.
Монголын гамшгийн эрсдэлийн мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэг ТББ-ын тэргүүн мэргэжилтэн, доктор Баяржаргал: Би 2015 онд Драмын театрт эрсдэлийн үнэлгээ хийхэд маш аюултай нөхцөл байдал илэрсэн. Газар хөдлөлтийн долоон баллын эрсдэлтэй орчинд байгаа энэ барилга нь ганцхан орц гарцтай. Энэ барилгад газар хөдлөлт, галын аюул нүүрлэхэд дотор нь үзвэр үзэж байгаа олон зуун хүмүүс, жүжигчид бүгд эрсдэлд орохуйц байдалтай байсан.
Хэрвээ гэнэтийн осол болоод эдгээр барилгууд нурж уран бүтээлчид, үзэгчид амь эрсэдвэл тэр олон юм яриад байгаа хүмүүс юу ч хэлэхгүйгээр зугтаана
Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар: Энэ театрын барилга ямар байгааг дотор нь ажиллаж байгаа бид маш сайн мэднэ. Түүнээс биш гадна талаас нь хараад хашгирдаг юм биш. Эдгээр барилгууд маань дөрвөн баллд тэсэхгүй болчхоод байгааг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа. Хэрвээ гэнэтийн осол болоод эдгээр барилгууд нурж уран бүтээлчид, үзэгчид амь эрсэдвэл тэр олон юм яриад байгаа хүмүүс юу ч хэлэхгүйгээр зугтаана. Ийм аймшигтай гамшиг болохоос сэргийлж бид өнөөдөр энэ асуудлыг ярьж байна. Нөгөө талаар театрын урлаг өнөөдөр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье гэж бүгд ярьж байна. Үүнийг хийхийн тулд зөвхөн оюун санааны сэтгэмжээс гадна техник технологийн шинэчлэл хамгаас чухал. Бид үүнийг Европын театруудтай харьцуулж болохгүй. 1950-аад онд стандарт хэмжил зүй бий болоогүй байсан. Модон дан нуруутай, шороон шохойгоор хийсэн барилгын таазан дээр бид Европын тайзны загварыг дуурайгаад таазнаас нь карказ өлгөөд олон шийдэлтэй орчин үеийн гэрэл зооё гэхээр тааз нь даахгүй. Үүнийг бид нураахгүй яах юм бэ. Нураагаад шинэ технологи, шинэ хийцээр хийхээс өөр аргагүй. Энэ барилгууд чинь агааржуулалтгүй, чийгтэй, өмхийрсөн, хөгцөрсөн, тоосжилт ихтэй байна.Тэнд уран бүтээлчид ажиллаж байна. Стандартаар хоёр жүжигчин нэг өрөөнд байх ёстой бол өнөөдөр 10 жүжигчин нэг өрөөнд байна. Шал цөмөрчихсөн орчинд эрүүл мэндээрээ хохирон ажиллаж байгаа урлагийнхнаа яагаад тоохгүй байгаа юм. Урлагийнхныг ядуу, ядруу, өвчтэй, аюултай орчинд байлгах гэсэн замын нохдын үгэнд битгий автаач. Урлаг бол улс төр биш. Битгий үүнийг улс төржүүлээд бай. Урлаг хүний оюун санааны хөтөч. Өв уламжлал, үнэт зүйлүүд чинь найдвартай газар хадгалагдах ёстой. Сошиалаар энэ асуудлыг шүүгээд байгаа хүмүүс хүний гэрт орж үзээгүй байж хүний амьдралыг битгий шүүгээд бай, өөрийнхөө амьдралыг хичээ гэж хэлмээр байна” гэв.