Иргэд: Шөнө унтахдаа цонхоо хагас онгойлгож унтаж байна
Сүүлийн тав хоногт сайжруулсан шахмал түлштэй холбоотой олон асуудал нийгэмд үүсээд байна. Тиймээс манай сурвалжлах баг шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдээр явж, иргэдэд учирч байгаа хүндрэл болоод нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

Баянгол дүүргийн 21-р хорооны иргэн Б.Батбаярынхаас сурвалжилгаа эхлүүллээ. Б.Баятбаярынх өнгөрсөн долоо хоногоос эхлэн шахмал түлш хэрэглэж эхэлжээ. Баасан гарагт хоёр шуудайг худалдан авч өнөөдөр түлж дууссан байна. Галлагаагаа эхлэхээс өмнө ханан пийшин болон яндангаа хөөлсөн учраас одоогоор, ямар нэгэн сөрөг үр дагавар, хүндрэл учраагүй талаар гэрийн эзэгтэй ярьж байна.

Баянгол дүүргийн иргэн Л.Миеэдулам “Өнгөрсөн жилүүдэд нүүрс түлж байсан болохоор энэ жил пийшингээ хөөлсөн. Хөөлснөөрөө таталт нь эрч сайжран шинэ пийшин шиг л болсон. Пийшинд элдэв нүх сүв байгаа эсэхийг сайтар шалгаж галлахгүй бол угаартах эрсдэл бий болоод байгаа юм шиг санагдсан”
Л.Миеэдуламынх өдөртөө байнгын хүнтэй байдаг учраас гал түлэхдээ болон гал түлсний дараа маш хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шөнө унтахдаа цонхоо бага зэрэг онгойлгож унтаж байгаа юм байна. Харин иргэн Б.Батболдынх одоогоор шахмал түлш хэрэглэлгүй, мод түлж байгаа тухайгаа бидэнд ярилаа. Учир нь шахмал түлш хэрэглэснээс шалтгаалж сүүлийн 5 хоногт олон хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн учраас эрсдэл учирч магадгүй гэж үзжээ.

Баянгол дүүргийн иргэн Б.Батболд “Сүүлийн хэд хоног иргэд шахмал түлш хэрэглээд угаартлаа амь насаа алдлаа гэсэн мэдээллүүд гараад байгаа болохоор одоохондоо модоор л галлаад байна. Хажуу хөршийнх шахмал түлш түлж байгаа үнэр, утаагүй байна гэсэн. Үнэр утаагүй болохоор л угаартаад байгаа юм болов уу гэж иргэд ярих юм. Хорооны ганц нэг хүн явж байгаа гэсэн ч мэдээлэл өгч авсан зүйл алга”

Шахмал түлш илч сайтай, тортог ялгарахгүй байгаа ч үнс их гарч байгаа нь асуудал дагуулж байгааг иргэд онцолж байсан. Үнсийг нь тогтмол цэвэрлэж, байхгүй бол зуух дүүрч угаар ялгарах магадлалтайг тэд хэлж байлаа. Тиймээс маш бага багаар түлж, ялгарсан үнсийг нь тогтмол цэвэрлэж байгаа юм байна.

Орсон айл өрх бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байна. Зарим айл гадаа дулаахан байгаа учраас болж өгвөл галлахгүй байхыг чухалчилж байгаа юм байна. Хамгийн гол нь иргэд олон хүн нас барж, эмнэлэгт хүргэгдэж байгаад л эмзэглэж, айдастай байгаа тухайгаа хэлж байсан юм. Түүнчлэн зарим иргэд бага насны хүүхдээ байранд амьдардаг айлд хонуулж байгаа тохиолдол ч байна. Асуудал эергээр шийдэгдвэл хог ачдаг машиныг ойр ойрхон явуулж, шахмал түлшнээс ялгарах үнсийг ачиж, цэвэрлэж байхгүй бол амьдрах орчин болоод иргэдийн эрүүл мэндэд маш нарийн ширхэгтэй үнс сөргөөр нөлөөлж мэдэхийг ч тэд санууллаа.