Хоёр долоо хоногийн дараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Гэвч хүүхдүүд өнөөдрийг хүртэл түрээсийн сурах бичгээ хүлээсээр. Угтаа жил бүр есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил болдгоороо болдог учраас БСШУСЯ-ныхан “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн урьтаад хэвлүүлчихсэн байх учиртай. Эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 24-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс сурах бичгийн талаар тодруулахад “Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа" хэмээж байв. Сайдын хэлсэн үнэн бол сурах бичиг хэвлэгдээд гарчих хугацаа хэдийнээ өнгөрч сурагчид ч амрах нь.

Энэ жил сурах бичиг хэвлэх мөнгө улсын төсөвт байгаагүй тул Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах явц урт хугацаанд үргэлжилснээс болоод сурах бичгийн  хэвлэлт оройтсон гэх тайлбарыг салбарын сайд хэлж буй. Азийн хөгжлийн банк манай Засгийн газрын энэ хүсэлтийг судалж, шийдэх, гэрээ байгуулах гэсээр намартай золгосон.

Тэгвэл БСШУСЯ-ны албан тушаалтны хэлснээр Азийн хөгжлийн банкны холбогдох удирдлагуудтай сурах бичгийн төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж, зургаадугаар сард санамж бичиг байгуулж, 180 мянган хүүхдийн гурван сая орчим сурах бичгийг үйлдвэрлэх ажлыг эхэлсэн. Ахлах ангийн хүүхдийн сурах бичгийн гэрээ нь байгуулагдаад хэвлэх ажил нь явагдаж байгаа гэнэ. "Долоо хоногийн дараа түгээлт нь эхлэх байх. Сурах бичгийн хэвлэх зөвшөөрөл дөнгөж өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт ирсэн. Энэ долоо хоногт багтааж гэрээ байгуулан хэвлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ сарын 15 гэхэд хэвлэх үйл ажиллагаа шуурхай, жигд явагдах юм бол 20, 25-н гэхэд 180 мянган хүүхдийн төлбөртэй ашиглах сурах бичиг хэвлэлтээс гарах болно" гэжээ.

Түрээсийн сурах бичиг хүлээн арга тасарсан эцэг эхчүүд чадлаараа хүүхдийнхээ хэрэгцээнд тааруулан худалдан авсаар байгаа юм. Гэхдээ сурах бичгийн олдоц муу, өртөг нь өндөр байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Учир нь ахлах, дунд ангийн хүүхдүүдэд 12-16 сурах бичиг хэрэгтэй болж байгаа бөгөөд түүний 2-3-ыг л сургуулиас нь олгон үлдсэнийг нь түрээсийн сурах бичиг иртэл цахим хувилбараар ашигла хэмээн үүрэгдсэн. Хүүхдээ аль болох цахим орчноос хол байлгах эрмэлзэлтэй байгаа эцэг эхчүүдийн хувьд харьяа яамны энэ шийдвэр таалагдсангүй. Тиймээс л үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн хэвлэмэл сурах бичгийг худалдан авч өгч байгаагаа учирласан юм.

Бид сурах бичиг худалдан авч байгаа иргэдийн байр суурийг сонссон юм.

Иргэн Ч.Цэвэл

“Хүүхдийнхээ сурах бичгийг худалдаж аваад л хэрэглүүлж байна. Яаж ч бодсон хүүхэд барьж, хэрэглэдэг хэвлэмэл сурах бичгийг л сайн гэж боддог”

Иргэн О.Ариунзаяа

“Хүүхдэд интернэтээр сурах бичиг хэрэглүүлэх хэцүү шүү дээ. Би л гэхэд долоодугаар ангийн хүүхдэдээ сурах бичгийн нь авч байна. Түрээсийн сурах бичиг хүлээсэн ч хэзээ ирэх нь тодорхойгүй. Сурах бичгүүдийг нь 10-15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдан авч байна. 10 гаран хичээлийн номыг худалдан авахаар байгаа. Хүүхэд гэлтгүй бид ч номыг бариад унших нь илүү гэж үздэг шүү дээ. Гар утаснаас тэр цахим сурах бичиг бол бүүр харагдахгүй. Тиймээс хүүхэд түүнийг нь төвөгшөөн даалгавраа хийхгүй ч байх үе гарна. Айл бүрийн интернэтийн хүчин чадал ямар билээ”

Иргэн Н.Цэвэлмаа

“Сургуулийн хүүхдүүдийг битгий ухаалаг утас хэрэглүүл, товчтой утас бариул гээд байгаа биз дээ. Тэгэхээр товчтой утсанд эдгээр сурах бичгийг үзэх боломж байхгүй. Тийм болохоор л бид номоо авахаас өөр аргагүй. Ном нь байхгүй хүлээж бай гээд одоо ч хэзээ өгөх нь тодорхойгүй. Номыг нь авах гэхээр нь нэг л 20 мянган төгрөг гээд бүгдийг нь нэг дор авах боломж ч алга. Хүүхдийн нэг сарын мөнгөөр нэг л ном авах юм байна”

“Мэдээж яаж ч бодсон хэвлэмэл сурах бичиг дээр шүү дээ. Гэвч сүүлийн үеийн сурах бичгийн агуулга муу гэдэг шүүмжлэл их дагуулах болсон. Манай боловсролын систем чинь орос суурьтай гэж явдаг ч яг орос биш. Өнөөдөр өөрийн гэсэн боловсролын системээ алдаад дампуурлаа. Орос ч биш, барууных ч биш, Монголынх ч биш хаанахын боловсролын системээр яваад байгаа юм мэдэх юм алга. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон ч цахим сурах бичгээс хэвлэмэл сурах бичиг илүү. Цаг үеэ дагаад цахим сурах бичиг хэрэглэх л байх”

Сурах бичгийн агуулгыг ойр ойрхон өөрчилж, жил бүр дахин дахин хэвлэж, өмнөхийг нь устгалд оруулдаг энэ тогтолцоо нь аанай л “мөнгөний ажил”. ЕБС-т нэг ч хичээл зааж үзээгүй их, дээд сургуулийн багш нар тендер авч, сурах бичиг зохиож амташсан байдаг гэсэн шүүмжлэл ч бий. Хэвлэлийн компаниудын хувьд бол сурах бичгийн тендер гэдэг жил бүр саамширч байдаг саалийн үнээ л гэсэн үг. Хоёр гурван сая ширхэг ном хэвлэнэ гэдэг өөр ямар ч салбарт байхгүй том тендер.

Юутай ч энэ жилийн сурах бичгийн санхүүжилт оройтож шийдэгдсэн ч Азийн хөгжлийн банкны шийдвэр гарсан даруй хэвлэсэн бол өдийд сурагчдын гар дээр ирчихээр хугацаа өнгөрөөд байна. Сайд нь ч, ажил хариуцсан мэргэжилтнүүд нь ч хүүхдүүдийн өмнө худалч болж харагдахаасаа ичих хэрэгтэй.