НҮБ-ын төсөв 230 сая ам.доллараар тасалджээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антанио Гутерриш хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикээр дамжуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд НҮБ хөрөнгө мөнгөний ноцтой дутагдалд ороод байгаа талаар дурдсан байна. Тодруулбал, 2019 оны 9-р сарын эцсийн байдлаар НҮБ-ын төсөв 230 сая ам.доллараар дутагдаж байгаа ажээ. Энэ нь НҮБ-ын гишүүн 193 орны 70 хувь нь  л татвараа төлсөн гэсэн үг аж.

Антанио Гутерриш мэдэгдэлдээ "Гишүүн орнууд жилийн төлбөрөө даруй төлөхгүй бол НҮБ сүүлийн 10 жилийн турших хөрөнгө мөнгөний хамгийн ноцтой хямралд орно. Аравдугаар сарын эцсээр хөрөнгийн эргэлтийн нөөц дуусаж, ажилтнуудын цалин хөлс, бэлтгэн нийлүүлэгчийн зардлыг хойшлуулах эрсдэлд орно" гэжээ. НҮБ-ын гишүүн орнуудын татвар тус байгууллагын хөрөнгөний гол эх үүсвэр бөгөөд НҮБ-ын хэвийн ажиллагааг баталгаажуулах үүрэгтэй юм. Гишүүн орнуудын татварын хэмжээг улс орнуудын хүчин чадлын дагуу харилцан адилгүй тогтоодог байна. 

НҮБ-ын гишүүн орнууд жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний дотор тухайн жилийнхээ татвараа төлдөг. Энэ жил уг хугацаандаа багтаж 34 орон, нэг сарын дараа хоцорч 95 улс орон төлбөрөө төлжээ. Монгол Улс хоёр товлосон хугацаанаас нэг сараар хоцорч 139,412  ам.долларын татвараа төлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)