ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрсөн өдрөөрөө буюу энэ сарын 7-ны өдөр зарлиг гаргаж, Ерөнхий сайд Д.Медведев болон өөрийнхөө цалинг 4.3 хувиар нэмжээ. Ингэснээр В.Путины цалин сард 773.4 мянган рубль, Д.Медведевийнх 618.7 мянган рубль болсон байна.
“Гарант” мэдээллийн баазад байгаа мэдээллээс үзвэл В.Путин Ерөнхийлөгч болсноосоо хойш цалингаа 11 дэх удаагаа нэмсэн нь энэ юм байна. Тэрээр 2002 онд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын цалинг 63000, 50400 рубль байхаар тогтоож байжээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр төрийн хоёр өндөрлөгийн цалинг шууд 2.65 дахин өсгөсөн нь хамгийн их хэмжээгээр нэмсэн тохиолдол байв. Түүнээс хойш инфляцийн түвшинтэй уялдуулан зугуухан нэмж байгаа аж.
В.Путин жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлдэг. 2011-2016 оны хооронд тэрээр 38.5 сая рублийн орлого олсон гэж Сонгуулийн төв комисс 2018 оны сонгуулийн үеэр мэдэгдэж байв. В.Путины орлого цалин, цэргийн тэтгэвэр, банкин дахь хадгаламжийн хүүгээс бүрддэг. Тухайн үед тэрээр янз бүрийн банкин дахь 13 дансанд нийт 13.8 сая рублийн хадгаламжтай байв. Мөн “Санкт Петербург” банкны 230 ширхэг хувьцаа, Санкт Петербургт машины гарааш, Нива, Газ 21 маркийн хоёр автомашинтай юм байна.