Австрийн Ерөнхийлөгч Себастьян Курцад Засгийн газраа байгуулах эрх олголоо

Австрийн Ерөнхийлөгч  Александер Ван дер Беллен консерватив чиг баримжаатай Австрийн ардын намын удирдагч Себастьян Курцад парламентын доод танхмын ээлжит бус сонгуулийн дүнгээр  Сайд нарын танхим байгуулах үүрэг өгөв. Түүнд эрх олгох ёслол Вена хотын Хофбургийн Ерөнхийлөгчийн өргөөнд боллоо.

Засгийн газар байгуулах ажил нь Зул сарын баяр буюу арванхоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилж магадгүй аж. Курц парламентад сонгогдсон намуудтай амаргүй хэлэлцээр явуулна. Австрийн анхны эмэгтэй канцлераар томилогдсон Бригитте Бирляйны засгийн газар  шинэ танхим байгуулагдтал шилжилтийн засгийн газраар ажиллах юм.

Танхмын хувилбарууд

Тус орны орчин үеийн түүхэнд Австрийн засгийн газар нь голдуу хоёр намын эвслээс бүрэлдэж иржээ. Нэг нам дангаараа засгийн эрх барьсан тохиолдол үгүй. Курц  энэ удаад парламентад сонгогдсон бүх намтай хэлэлцээр хийнэ гэдгээ амалсан байгаа.

Хамгийн боломжийн хувилбар нь “ногоонтнуудтай” эвсэх  эсвэл Австрийн эрх чөлөөний намын баруунтнуудтай нийлэх  явдал гэдгийг шинжээчид  хэлж байна.  Дүрвэгсдийн асуудлаарх санал зөрөлдөөн нь ногоонтнуудыг холдуулж магадгүй юм.  Удаан хугацааны хэлэлцээрийн дараа ААН-АЭЧН  гэсэн эвсэл гарч болох юм. Австрийн эрх чөлөөтнүүд срнгуулийн дүнд сэтгэл дундуур байгаа учраас засгийн газарт орохгүй байж магадгүй.

Австрийн Үндэсний зөвлөлийн  ээлжит бус сонгууль  есдүгээр сарын 29-нд явагдан Австрийн Ардын нам 71 депутатын мандат аван ялсан юм. Социал-демократ нам (АСДН) 21,2 хувийн санал, 40 мандаттайгаар хоёрдугаарт шалгарчээ. Гуравт нь Австрийн Эрх чөлөөний нам 16,2 хувийн санал (31 мандат) авлаа. Дараалаад "Ногоонтнууд" (13,9%, 26 мандат), “Шинэ Австри” хэмээх либерал нам (8,1%, 15 мандат)  авчээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)