Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдлөлт болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 орчмоор өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар 2005 оноос хойш "Чингис хаан" Олон улсын нисэх буудал орчим болон түүнээс хойшхи нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн идэвхжилт хүчтэй ажиглагдаж эхэлсэн байдаг аж. Мөн Төмөр замын Эмээлт өртөөний ойролцоох газарт хүчний хувьд бага хэмжээтэй олон тооны газар хөдлөлтүүд болдог байна.

Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд 4 орчим баллын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо хэд хэдэн удаа болсон байна. Энэ хөдлөлт хот орчмын оршин суугчдад харьцангуй сул мэдрэгдсэн байдаг аж. Ийм идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хадан хөрсөн дээр VIII-X баллын хүчтэй чичиргээ үүсгэх магадлалтай. Ийм хүчтэй хөдлөлтөд чанар муутай барилгууд ихээр нурах аюултай. Туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр энэхүү үйлчлэл нь хэд дахин өсдөг байна. Тиймээс Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын болон эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгааг хийж байна.